АУДИТ: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хуулийн шаардлага хангаагүй байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 30 сек
00
legacy:Аудит/аудит.jpg

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

legacy:Аудит/аудит 1.jpg

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасны дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь дараах шаардлагыг хангасан байхаар тусгасан боловч Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байна. Тодруулбал: 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүйг харуулж байна хэмээсэн.Мөн аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээ танилцуулсан юм.

legacy:Аудит/аудит 3.jpg

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл асуудлыг хуралдаанд танилцуулж, тайлбар, хариулт өгөх сайд нар байхгүй, УИХ-ын гишүүдэд өгч буй хариулт хангалтгүй гэж үзэж буй учир УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авах хүсэлтэй буйгаа мэдэгдэв. УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч, энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө