ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 59 сек
60
legacy:ByambatsogtDARGA/05266.png

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.26) “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд Улсын Их Хурлын даргатай уулзахдаа, хууль, эрх зүйн бодлогын зарим асуудлуудыг шийдсэнээр зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.

Монголын банк бус санхүүгийн салбар нь санхүүгийн зах зээлд бичил, жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа банкны шалгуурыг төдийлөн хангадаггүй иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж иржээ. Давхардсан тоогоор 4.1 сая харилцагчид хүрч үйлчлэн 7000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл хэрэглээний зээл хумигдаж, арилжааны банкны шалгуурт хүрч чадахгүй байгаа иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд жилийн 48 хувийн хүүтэй финтек зээлийг авч байна гэсэн үг юм.

Монголын банк бус санхүүгийн байгууллага төрийн бус байгууллагын зүгээс “Аж ахуйн нэгжийн албан татварын тухай” хуулийн 20.2.6-д “...банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан нь зөвхөн банкны салбарт үйлчлэх тухайлсан зохицуулалт бөгөөд санхүүгийн салбарын оролцогчдод хамаардаггүй. Энэ нь ББСБ-ууд олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд томоохон санхүүжилтүүд татдаг боловч тухайн зээлийн хүүнд нэмж 20 хүртэлх хувийн (банкнаас 4 дахин өндөр) татвар төлснөөр зээлийн хүүгийн өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадваргүй болох томоохон шалтгаан болж байна гэж тайлбарлаж байлаа.

Үүнээс гадна Монголбанкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй нөхцөлийг бий болгодог зэрэг асуудлуудыг хөндлөө.

Мөн Монгол банкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй болгож байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нэг зорилго байгаа учраас одоо мөрдөгдөж байгаа банк бус санхүүгийн байгууллагын жилийн 48 хувийн зээлийн хүүг эхний ээлжид арилжааны банкны түвшинд хүргэж, буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо. Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд өрсөлдөөнийг дэмжих нь нэн чухал. Тиймээс Улсын Их Хурал шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах болно гэсэн байр суурийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийллээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэг

    Банкны хууль журам өөрчлөхгүй бол ямар ч гадаадын банк орж ирсэн Монгол бхнкны дүрмээр үйл ажиллагаагаа явуулна биздээ Тиймээс тохирох дүрэм журмыг өөрчилж л хүү буурна гэж бодож байна

  • И
    Иргэн

    1, Гадаадын банк аль эрт ороод ирчихсэн шүү дээ Монголчуудаа 2, Зээлийн хүүг хүчээр буулгаж болдоггүй Занданшатарын үед үзсэн шүү Монголчууд 3, Зээлийн хүү буух нөхцлийг МАН мафиууд бий болгохгүй байгаа!!!

  • Н
    Нямаа

    Нөгөө гадаадын банк оруулж ирээд зээлийн хүүг буулгана гээд байсан яасан вэ.

  • И
    Иргэн

    Ха ха одоо ч хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болж. Нэг л дүр эсгэсэн 2 нүүр гаргасан жүжигчид л байна дөө

  • З
    Зочин

    ББСБ-ыг шалгах хэрэгтэй, дандаа банктай холбоотой нөхдүүд банкны мөнгө ашиглан ард түмнийг шулдаг. Манай банкны систем 1990 оноос хойш ард түмнээ шулж улс орон хөгжихгүй, ард олон ядуурсаар байгаагийн гол шалтгаан бие даан АА эрхлэх ямарч боломжгүй зээл аваад хүүнд шатаж хоосордог.

  • З
    Зочин

    ББСБ ууд, элдэв арр зээлүүд хүмүүсийг ядууруулж сүйрүүлж байгаа. Бүгдийг нь татан буулгах ёстой. Жилийн 48% -ийн хүүтэй зээл өөр ямар ч оронд байхгүй. Улсаа дээрэмдэж баяжсан хулгайчуудын мөнгө угаах арга болчихсон.