Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно. Тэмцээний хүрээнд урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд энэ сарын 31-ний өдөр зэрэг эхлэх юм. Эндээс “I” хэсгийн тоглолтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны байранд тэмцээний өмнөх албан ёсны хэвлэлийн хурал боллоо.
Монголын 20 хүртэлх насны шигшээ багийг төлөөлж ахлах дасгалжуулагч Марко Ражини болон шигшээ багийн тамирчин Б.Хабул нар оролцлоо. Дасгалжуулагчийн хувьд “Манай залуучуудын баг энэ тоглолтуудаараа Монголын хөлбөмбөгт тодорхой ахиц, өөрчлөлтүүдийг гаргана гэсэн зорилготой байгаа. Тамирчид маань клубуудээсээ нэгдээд сүүлийн сар гаруйн хугацаанд нэгдсэн бэлтгэлээ хийсэн. Энэ удаагийн 20 хүртэлх насны шигшээ баг бол Монголын хөлбөмбөгийн ирээдүйд маш чухал нөлөө үзүүлэх ирээдүй болсон тамирчдаас бүрдсэн баг гэж үзэж байна. Энэ баг маань шинээр бүрдээд анхны тэмцээндээ орох гэж байгаа учраас монголчуудыг ирж дэмжиж, урам зориг өгөөсэй гэж хүсэж байна.” гэлээ.
Монголын багийн тоглогч Б.Хабул - “Манай баг дотоод, гадаадаас ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа. Багийн нэгдэл уур амьсгал ч сайн байна. Тоглолтууддаа хожиж дараагийн шатанд шалгарна гэсэн итгэлтэй байгаа болохоор үзэгчдийнхээ итгэлийг алдалгүй сайн тоглох болно. Шигшээ багаа Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэхэд ирж дэмжээрэй.” гэсэн юм.
Умард Марианы Арлуудын багаас ахлах дасгалжуулагч Ацүши Ханита, тоглогч Пол Лизама нар багаа төлөөл хэвлэлийн хуралд оролцлоо. Тэд Монголын баг хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа гол өрсөлдөгч. Өөрсдөө дотооддоо тоглодог тамирчдаасаа багаа бүрдүүлж ирсэн. Цааш шалгарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа талаараа ярьсан юм.
Харин Гуамын багаас ахлах дасгалжуулагч Росс Ава, тоглогч Леви Берг нар хэвлэлийн хуралд оролцов. Тэд Монгол, Гуамын багууд Зүүн Ази гээд нэг бүсчлэлд харьяалагддаг болохоор олон тэмцээнд нэг хэсэгт багтдаг. Тиймээс Монголын багийн талаар судалгаа мэдээлэл сайн хийсэн талаараа хэлээд мөн АНУ, Японд тоглодог олон тамирчид нь ирсэн учраас бүрэлдэхүүн, бэлтгэл сургуулилт бүх зүйл сайн байгаа гэдгээ онцолсон юм. Түүнчлэн харьцангуй эрт ирсэн учраас цаг агаар, талбай, орчин нөхцөлтэйгөө дасаад байгаа талаараа дурдсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!