Ноос ноолуурын салбарын ААН-үүдэд хэрэгжүүлж буй "SCORE" хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа

Нийгэм
Admin
Унших: 1 мин 45 сек
00
855251776_1581410354013450_3122316724311012439_n.webp

"SCORE" хөтөлбөр нь ажлын байрны хамтын ажиллагаа, хүний нөөцийн менежмент, чанарын тогтолцоог бэхжүүлэх замаар жижиг, дунд аж ахуйн нэгж (ЖДҮ) байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, ажлын байрны нөхцөлийг сайжруулах зорилготой дэлхийн хэмжээний чадавхийг хөгжүүлэх сургалтын модуль бөгөөд Монгол Улсад ноос ноолуурын салбарт хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 30 гаруй оронд хэрэгжсэн бөгөөд нийт 292 сургагч багш бэлтгэгдэж, 6,004 ААНБ-ын 89,162 ажилтан, менежерийг сургаж, 1,000,000-аас дээш ажилтны өсөлтийг бий болгож, ажлын байрны нөхцөлийг сайжруулснаар уг хөтөлбөрт хамрагдсан ААНБ-ууд 93%-ийн сэтгэл ханамжтай байдгийг нотолсоор байгаа билээ.

Дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй “Говь-Эрдэнэ” кашмер, “Өгөөж шим” ХХК, Snow fields ХХК-нд зочилж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны үр дүнгийн уулзалтыг компаний удирдлага, үндэсний зөвлөх багш нар, төслийн сайжруулалтын багийн гишүүд, үйлдвэрийн ажилтнуудын оролцоог ханган зохион байгууллаа.

Хөтөлбөрийн явцад залуу ажилтнуудыг чиглүүлэх практик сургалтад тогтмол хамруулж, ажилтны санал санаачилга, оролцоонд тулгуурлан карьер өсөлтийг дэмжиж, залуучуудад ээлтэй ажлын байрны соёлыг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, ажлын байрны нөхцөл, хамт олны өдөр тутмын соёл, эрүүл дадал хэвшил, багийн хамтын ажиллагаа зэрэгт маш олон эерэг өөрчлөлтүүд гарч буйг уулзалтын үеэр онцлон хуваалцаж байсан юм.
Уулзалтаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын бодлого чиглэл, хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн чиг хандлага, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, олон талт сургалтууд, хөтөлбөр төслүүд, иргэн, ажил олгогчид олгох санхүүгийн дэмжлэг бусад хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцлоо.

Олон улсад тэргүүлэх чиглэлд тооцогдож буй дэлхийн ноос ноолуурын 40 хувийг үйлдвэрлэгч ААНБ-ын захирлууд болон үндэсний зөвлөхүүд “SCORE” хөтөлбөрийг эх орондоо нутагшуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Мөн Монгол ажилтнаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд түлхүү ажиллуулах, үйлдвэрлэлийг автоматжуулах, дижитал шийдэлд шилжүүлэх, шинэ залуу ажилтныг тогтвортой ажиллуулахад хөтөлбөрүүдийг нэгтгэх, суралцах үеэс нь дадлагажуулах, ноос ноолуурын салбарын ажил, мэргэжлийг сурталчлан таниулах, ойлголтыг нэмэгдүүлэхэд салбарын яам, агентлаг түүчээлэн, бодлого болгох нь нэн чухал байгааг ажил олгогчид санал нэгтэй дүгнэж байна.