Увс аймагт сураггүй болсон малчныг эрэн хайж байна

Увс аймагт өчигдөр орсон их хэмжээний цас, цасан шуурганы улмаас нэг иргэн амиа алдаж, нэг иргэн сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь энэ сарын 15-ны 07.00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16.50 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн анги эрлийн ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр 20.26 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон бөгөөд өнөө өглөө 07.00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.


