Буриад түмний түүх, нүүдэл суурьшил, эрх чөлөөний тэмцлийг өгүүлсэн зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл болж байна

Монгол үндэстний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг буриад түмний гарал үүсэл, түүх, нүүдэл суурьшил, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцлийг өгүүлсэн “Буриадын их нүүдэл” номыг зохиолч Б.Цэвэлмаа НЭПКО хэвлэлийн газартай хамтран эрхлэн гаргалаа.
Зохиолч Б.Цэвэлмаа нь Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн өндөр настан бөгөөд буриад түмний түүх, өв соёлыг судлан, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү бүтээлээ туурвижээ.
Энэхүү номд XX зууны эхэн үед Монгол, Орос, Хятадын улс төр, нийгмийн ээдрээтэй нөхцөл байдал, түүний дунд өрнөсөн буриад монголчуудын их нүүдэл, эх нутаг, үндэс угсаа, эрх чөлөөгөө хамгаалах гэсэн хүсэл тэмүүллийг түүхэн үйл явдлуудтай холбон өгүүлсэн байна.
Буриад түмний их нүүдэл өрнөсөн шалтгаан нь улс төрийн хавчлага, нийгмийн өөрчлөлт, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлтэй салшгүй холбоотой түүхэн үйл явц юм. Октябрийн хувьсгалын дараах Орос орны улс төрийн өөрчлөлт, иргэний дайн, большевикуудын хавчлага, Сталины үеийн хэлмэгдүүлэлт зэрэг үйл явдал буриад түмний хувь заяанд ихээхэн нөлөөлсөн байдаг. Энэ цаг үед олон буриад монголчууд төрөлх нутаг, төрөл садан, эд хөрөнгөө орхин Монгол нутагт нүүдэллэн ирж, суурьшсан тухай түүхэн эх сурвалж, баримтад тулгуурлан бичжээ.
Буриадын их нүүдэл ном нь буриад түмний гарал үүсэл, тархан суурьшсан нутаг орон, аж амьдралын түүхийг өгүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, нийгэм, соёл, оюуны амьдрал дахь оролцоо, уламжлалт ёс заншлыг нь танин мэдэх боломжийг уншигчдад олгож буйгаараа онцлогтой.
Монголынхоо нэгэн ястны түүх, өв соёлыг баримтжуулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү бүтээлийг уншигчдын хүртээл болгоход Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл санаачилга гарган, дэмжиж ажилласан ба номын нээлтийн үеэр зохиолч Д.Цэвэлмаа түүнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр миний бие болон Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ө.Шижир, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатар нар Хэрлэн сумын Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийсэн юм. Харин дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Дашбалбар суманд байрлах ардчиллын анхдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсний дараа Баяндун суманд ажилласан.
Баяндун сумын онцлог, түүх соёлыг тээж яваа хүмүүстэй уулзах хүсэлт тавихад сумын Засаг дарга н.Батхүү бидэнд Б.Цэвэлмаа гуайг санал болгосон юм. Ийнхүү бид буриад зон олныхоо түүх, өв соёл, нүүдэл суудал, амьдралын уламжлалыг судлан бичиж, ном болгон үлдээхээр зорьж буй эрхэм хүнтэй танилцсан билээ.
Монголын түүх бол зөвхөн төр, засаг, томоохон үйл явдлын түүхээр хязгаарлагдахгүй. Тухайн нутагт амьдарч ирсэн ард иргэдийн амьдрал, нүүдэл суудал, зан заншил, хэл соёл, ахуй уламжлал, үеэс үед дамжуулсан дурсамж бүхэн үндэсний түүхийн салшгүй хэсэг юм.
Б.Цэвэлмаа гуайн хувьд хөдөө орон нутагт мал маллан амьдарч ирсэн атлаа өөрийн нутаг ус, ард түмнийхээ түүхийг судалж, номын эхээ зөөврийн компьютерт бэлтгэн, ийнхүү бүтээл болгон туурвисан нь бидний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Б.Цэвэлмаа гуай өөрийн хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан эдгээр түүхийг номын хуудсанд буулгасан нь зөвхөн өөрийнх нь төдийгүй буриад зон олны өв соёлыг хадгалан үлдээхэд оруулж буй үнэ цэнтэй хувь нэмэр юм” гэв.




.webp)