Б.Түвшин: АН-ын бүлгээс өмнө нь тавьж байсан зорилго, эрх баригчдад тавьсан хатуу шаардлагууд хэвийн үргэлжилнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 42 сек
00
ubn-v2-media-wn40utoc-1.webp

АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдрийн бүлгийн хуралдаанаас бүлгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Улмаар шинэ бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлснээс 41 гишүүний 24 гишүүний саналыг Б.Түвшин авч, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон. Ингээд түүнээс цаашид хэрхэн ажиллах талаар зарим зүйлийг түүнээс тодрууллаа.

-40 гишүүн гарын үсэг зураад буй Засгийн газрыг огцруулах бичгийг хэзээ өргөн барих вэ. Засгийн газар болон эрх баригчдын эсрэг тавьж буй шаардлагууд үргэлжлэх үү?

-Бүлгийн даргаар сонгогдсон ч эрх үүрэг маань хэрэгжиж эхлээгүй байна. Ер нь Ардчилсан намын бүлэг бол өмнөө тавьсан зорилгуудаа, буруу зүйлд тавьж байгаа хатуу шаардлагуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудлыг намын дарга, бүлгийн дарга, гишүүд зөвшилцөж шийдвэрлээд цааш явна.

Энэ асуудалд шууд хариулахад хэцүү. Эхний өдрөөсөө хувь гишүүний эсвэл бүлгийн даргын байр суурь илэрхийлээд эхэлбэл бүлгийн эв нэгдэл хангагдахгүй.

-Бүлгийн даргаар ажиллахын хувьд ямар асуудал дээр илүү анхаарах вэ. Бүлгийн дотоод эв нэгдлээ хангахын тулд хэрхэн ажиллах бол. Сөрөг хүчний байр сууриа яаж хадгалах вэ?

-Бүлгийн даргын үндсэн үүрэг бол бүлгийнхээ эв нэгдлийг хангах. 42 гишүүний хүчтэй сөрөг хүчин байх бодлогыг хангах үүрэгтэй. Тийм учраас гишүүн бүрийн санал бодлыг сонсож, оролцоог хангасан зохион байгуулалтын ажлыг хийх ёстой. Харин хувь хүний үзэл баримтлалыг түрүүлж цацаж, энийгээ бүлэгтээ тулгадаг байдлаар цаашид явахгүй. Бүлгийн дэд дарга нарын асуудлыг ирэх долоо хоногт сонгууль зарлаж явуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Таныг шинэ улстөрч гэж ярих хэсэг байдаг. Улстөрчийн хувьд танд ямар давуу талууд байгаа юм бэ?

-Олон нийт улстөрч гэхээр хувийн үзэл бодлоо их илэрхийлдэг, буруугаар яривал эго ихтэй байдлыг хардаг. Бүлгийн дарга бол 42 гишүүнийг байр суурийг нэг бодлого дээр зангидаж тодорхой үр дүнд хүргэх, цаашлаад АН улс төрийн сонгуульд ялах бодлогыг явуулах ёстой.

-Таныг Ерөнхийлөгчийн захиалгаар бүлгийн дарга болж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-АН-ын бүлгийн даргад нэр дэвших асуудал хэн нэгний захиалгаар явагддаггүй. Ерөнхийлөгчийн талаас нэр дэвшээгүй гэдгээ албан ёсоор хэлэх нь зөв байх.