Т.Доржханд: Ердөө таван сарын хугацаанд эрчим хүчний салбарыг ямар ч авлигагүй болгож, цоо шинэ хуудас нээснийг бүх салбарынхан ярьж байна

Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай ярилцлаа. Тэрбээр 2024 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж буй. Тэгвэл түүнтэй гадаадын хөрөнгө оруулалт, эрчим хүчний реформ хийгээд цаг үеийн улс төр дагасан олон асуудлын эргэн тойронд ярилцсанаа хүргэж байна
-Яг энэ цаг мөчид төсвийн тодотголыг хэлэлцүүлэг үргэлжилж, удахгүй ирэх оны төсвийн хэлэлцүүлэг рүүгээ орох гэж байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд ЗГ-аас оруулж ирсэн төсөв дээр гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ удаагийн төсвийн тодотголд үндсэндээ цалин, тэтгэвэр эрчим хүчтэй холбоотой цөөн хэдэн асуудал л орж ирсэн. Гэвч хэлэлцүүлгийн шатанд ЗГ тодотгол дээр туссан агуулгаа хэр хамгаалж чадаж байна вэ гэдгийг асуумаар байна?
-Энэ удаагийн төсвийн тодотголыг хийж байгаа шалтгаан нь багш, эмч нарын цалингийн асуудалтай холбогдож байгааг та бүхэн мэдэж буй байх. Өмнө нь 2026 оны төсөв яригдаж байх үед зөвхөн багш нарын цалинг нэмэх юм уу эсхүл боловсролын салбар дахь ажилтнуудыг багтаах юм уу гэдэг асуудал гарч ирсэн байдаг. Тухайн үед П.Наранбаяр сайд батлагдсан төсвийн хүрээнд багш, ажилтнуудын цалинг нэмэх шаардлагатай байна гэдэг асуудлыг хөндсөн. Угтаа бол хүүхдэд боловсрол олгох нь зөвхөн багшийн ажил биш. Сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудын багийн ажиллагаа байдаг. Иймээс цалингийн нэмэгдэлд тэдэнд ялгавартай хандаж болохгүй гэх байр сууринаас хандсан. Батлагдсан төсвийнхөө хүрээнд амласан цалингийнхаа нэмэгдлийг бүх хэсэгт олгоод явсан. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн сүүлийн дөрвөн сарын хугацаанд цалингийн дутагдал үүссэн. Мөн эрүүл мэндийн салбарт цалин нэмсэн шүү дээ. Үүнтэй холбоотойгоор төсөв нийгмийн чиглэлийн зардлуудыг шийднэ гэдэг агуулгаар хийгдсэн. Гэтэл энэ хугацаанд дэлхий даяар хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулж байна. Ийм нөхцөлд бид тодотгол хийхээс өөр аргагүй. Эдийн засагч хүний хувьд, төсөв тогтвортой байх ёстой гэдэг утгаараа тодотгол хийх ёсгүй гэх байр суурин дээр байдаг. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд тодотгол хийх шаардлага үүссэн нь бодитой. Тодорхой цөөн хэдхэн асуудлын хүрээнд тодотгол хийхээр оруулж ирсэн. Түүнээс биш бүх л салбарыг хамарсан зүйл байхгүй. Тиймээс энэ удаагийн тодотгол бол маш цомхон, богино хугацаанд хэлэлцүүлгээ хийгээд явах боломжтой гэж харж байгаа.
-Таны хэлсэнчлэн хэлэлцүүлгийг богино хугацаанд хийх боломжтой байсан. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр ч долоо хоног Төрийн ордон эзгүй шахуу, байнгын хороодын ирц ч хүрэхгүй нөхцөл байдалд байлаа шүү дээ?
-Маш тодорхой хэлэхэд, гадаа “хүйтэн” байна. Ийм үед бид дотроо “дулаахан”, ойлголцолтой явах ёстой. Харамсалтай нь есдүгээр сард гараад л улс төр нэлээн бужигначихлаа. Нөхцөл байдал хэцүү байна шүү дээ гэж шаардлага тавиад явж байсан улс төрийн хүчин маань өөрсдөө ирцээ бүрдүүлэхгүй байх асуудлыг бий болгосон. Мөн Ардын намынхны зарим хэсэг нь ирцээ бүрдүүлэхгүй байх нөхцөл байдал хүртэл үүссэн. Үүнээс нь болоод үндсэндээ хоёр долоо хоногийн хугацаанд төсвийн тодотголоо хэлэлцүүлж чадсангүй шүү дээ. Бодит нөхцөл байдал нь энэ.
Засгийн газрыг бужигнуулаад, сайд нарыг хольж солих тухай асуудлыг хөндөх нь цаг үеэ олсон зүйл биш. Үндэслэл нь байвал түүнийгээ гаргаж ирэх нь зөв байх. Засгийн газрын үйл ажиллагааг гацаахаас илүү УИХ-ын үйл ажиллагааг гацаах нь парламентын ардчилалд сөрөг нөлөөтэй. Өнөөдөр дэлхийд инфляц, нефть шатахууны хомсдол зэрэг асуудлууд үүсчхээд байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон орон төсвөө танаж, мөнгөнийхөө бодлогыг өөрчлөөд явж байна. Ийм үед хүндрэлийг хамтдаа яаж давах вэ гэдэг дээр л нэгдмэл байр суурьтай байх ёстой. Би сөрөг хүчнийг ойлгож байна. Сөрөг хүчний байр сууринаас хандаж болно. Гэхдээ нөгөө талдаа намынхаа бус улсынхаа эрх ашгийг урдаа тавиад, хүндрэлээ давж туулсны дараа улс төрөө хийцгээ л дээ. Түүнээс биш явж байгаа ажлыг гацаах, ирц бүрдүүлэхгүй байх нь буруу. Ардын намынхны хувьд ч ялгаагүй. Төрийн эрх барьж байгаа нам шүү дээ. ХҮН нам гурав дахь ЗГ-таа хамтарч эрх барьж буй улс төрийн хүчин. Та бүхэн анзаарсан бол ХҮН намын парламентад найман суудалтай. 100 хувь ирцээ бүрдүүлээд хариуцлагаа хүлээгээд ажиллаж байгаа. 100 жилийн түүхтэй МАН, 35 жилийн түүхтэй АН нь 12 жилийн түүхтэй ХҮН намдаа үлгэрлэж явах ёстой байтал эсрэгээрээ буруу жишиг тогтоож байгаа нь парламентын засаглал цаашилбал ЗГ-ын тогтвортой сөрөг үр дүн үзүүлнэ.
-Өвөл хаяанд ирсэн энэ цаг мөчид төсвийн тодотгол дээр суусан эрчим хүчний салбарт тавигдсан хөрөнгө хүлээгдэлд ороод байна. Угтаа бол өвөлжилтийн бэлтгэлээ хангах нь нэн тэргүүний асуудал байгаад байдаг. Та энэ үйл явцад ямар дүгнэлт хийж байна вэ. Улс төр нь даваад байна уу?
-Маш тодорхой хэлье. Манайхан маш их популизм хийгээд байна. Ялангуяа УИХ-ын гишүүд. Өвөл болно. Хүйтэн болно. Хүйтрээд ирэхээр цахилгаа, дулааны асуудал босоод ирдэг. ДЦС-уудынхаа урсгал засварыг тултал хийх ёстой. Өвлийг аль болох цахилгааны тасалдалгүйгээр давж гарахаар ЗГ хичээж байна. Тэгвэл ЗГ-ыг ажил хийх боломжоор хангахын тулд тогтвортой байдал болон төсвийг нь батлахад анхаарах ёстой. Гэтэл тогтвортой байдал үүсэхгүй байна.
Хоёрдугаарт, төсвийг нь хасаад байна. Хоёр сарын турш маш олон яамдын түвшинд судалгаагаа хийгээд, тоон дээрээ тохироод парламент руу оруулаад ирэхээр нэг хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр парламентаа “уйлуулаад”, ард иргэдийн сэтгэлийг татаад 2-3хан минутын дотор эргүүлээд хаячхаж байна.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал чухал уу гэвэл чухал. “Энэ асуудлыг шийдэхгүй бол та нар худалч, хуурамч муу хүмүүс шүү” гэдэг зүйл рүү түлхээд эрчим хүчний салбарын урсгал засварынх нь ажлыг зогсоогоод, төсвийг нь өөр дээрээ аваад явах нь буруу. Яах гэж мэргэжлийн байгууллагынхан нь хоёр, гурван сар сууж, тооцоо хийдэг юм. Намайг Сангийн яаманд ажиллаж байхад хоёр, гурван сарын турш судалгаа тооцооллоо хийгээд парламент руу оруулдаг ч хэлэлцүүлгийн шатанд танигдахын аргагүй төсөв болж хувирдаг байсан. 35 жилийн энэ зовлон одоо ч хэвээрээ байна шүү дээ. Тэгвэл Сангийн яамны хэрэг юу байгаа юм. Дэлхийд төсвийн хэлэлцүүлэг ийм байдлаар явагддаггүй. Төсөвт ийм хэмжээний өөрчлөлт орох юм бол парламентыг тараах хүртэл эрх мэдэл нь Ерөнхий сайдад байдаг. Япон, Герман зэрэг улсуудад энэ тогтолцоо бий. Гэтэл манайд УИХ-ын гишүүд нь төсөвт хариуцлагатай хандаад байна. Үр дүнд нь тог тасарна. Энэ жил их хүйтэн өвөл болно гэж байгаа. Манай ДЦС-уудын насжилт 40-60 жил. Цахилгаан, дулааны шугамууд нь хуучин, нурж унана. Ийм байхад засварынх нь ажлыг хийж байгаад өвлөө давах гээд арайхийн төсөв тавьдаг. Тэр төсөв нь ам ч үгүй, хамар ч үгүй байгаа. Одоогийн байдлаар 709 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнээс төсвийн тодотгол дээр 200 тэрбумыг нь тусгасан. Гэтэл түүнийг нь хасаад, хасаад явж байна. Тэгвэл юугаараа бид цахилгаан станцуудаа засаж, өвөлдөө бэлдэх юм бэ. Үр дүнд нь, эрчим хүчний салбараа шүүмжилдэг. Цахилгаан тасарчихлаа, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нь, эрчим хүчний реформ хийнэ гэсэн Т.Доржханд нь хаана байна, огцруулна хариуцлага тооцно гээд л эхэлдэг. Болно л доо. Нөгөө талдаа ажлаа хийе гэхээр мөнгө нь байхгүй байна. Мөнгийг нь популизм хийгээд өөр салбар руу татаж аваад байна шүү дээ. Жишээлбэл, цахилгаан эрчим хүч ямар их хэрэгтэй билээ дээ. Соёл, аялал жуулчлалын салбарт л гэхэд 800 гаруй тэрбумын төсөв оруулаад ирж байгаа биз дээ.
Нийгмийн хамгааллын салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсөв хэрэгтэй гэдгийг үгүйсгээгүй. Хэрэгтэй гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ энэ улсад чинь эрэмбэ гэдэг зүйл байх ёстой биз дээ. 3.5 сая монголчуудын эрх ашиг чухал юм уу эсвэл цөөн хэсгийн эрх ашиг чухал юм уу. Хэн хамгийн их популизм хийж өрөвдүүлснээрээ төсөвт ханддаг, хөрөнгө оруулалтын эрэмбэ тогтдог нь парламент төлөвшөөгүйн шинж.
Энэ өвөл тог тасрах юм бол УИХ-ын гишүүд, санаачилга гаргасан Ж.Баясгалан гишүүн болон кноп дарсан гишүүд хариуцлагаа хүлээгээрэй.
Тог тасрах болгонд Т.Доржханд, Б.Найдалаа нарт хариуцлага тооцно гэдэг. Тэгвэл одоо тэр хариуцлага нь УИХ руу шилжиж байна шүү. Яагаад гэвэл төсвийг нь шийдэж өгөхгүй байна. Эрчим хүчний салбар хувийн сектор орж ирж байж, хөрөнгө оруулалт явдаг. Нөхцөл нь тарифын асуудал. Үнэ тариф өссөн ч зах зээлийн эдийн засагт үнэ нь зарлагаа нөхөөд, тодорхой хэмжээнд ашиг бий болсон нөхцөлд хувийн сектор хөрөнгө оруулалт хийж, бизнес бий болдог. Гэтэл төсөв дээр суулгасан татаасыг нь булаацалдаад, популизм хийгээд байхаар яах юм.
-ХҮН намыг ЗГ-аас гаргах сонирхол зарим намуудад их байдаг. Сонгууль дөхөөд улс төр халах гээд байна. Ажил хийх хүн байна уу-
-ХҮН нам эрчим хүчний реформыг "хар толгойгоороо" хариуцаж ажиллахаа мэдэгдсэн нам. Танай намын сайд ч салбарыг нь удирдаад явж байна. Гэхдээ та бүхэн тухайн салбарт тусгаж оруулж байгаа төсвийн бодлогоо хамгаалж чадаж байгаа юм уу. Нэг л болж өгөхгүй яваа юм шиг харагдах юм. Засгийн газар дээр та бүхний дуу хоолой сул байгаа юм биш үү?
-Засгийн газрын түвшинд бид кабинетын зарчмаар ажиллаж байгаа. Маш сайн хэлэлцүүлэг болдог. 2027 оны эрчим хүчний салбарт онцгой анхаарч, түүхэндээ байгаагүй төсвийг тусгаж оруулж ирж байгаа. Одоогийн нөхцөлд бид төсвийн тодотголоо яриад явж байна. Төсвийн тодотголын хувьд яах аргагүй засвар шинэчлэл болон холбогдох төсвийг тавьж оруулж ирсэн. Гэхдээ УИХ дээр орж ирээд төсөв маань задраад байна. ХҮН нам парламентад 8 суудалтай. Гэтэл Ардчилсан намын нөхдүүд нэг санаачилга гаргангуут Ардын намын тал кноп нь дэмжчихээр саналууд маань унаад байна. Ийм байдлаар ганцхан эрчим хүчний салбар гэлтгүй маш олон салбарын төсөв хайрцгаасаа задраад байна. Та бүхэн анзаарч байгаа бол өнгөрсөн долоо хоногт төсвийн нэгж дээр л гэхэд 7-8 яамны нэгжийнх нь урсгал зардлыг хасаад хаячих жишээтэй. Энэ нь мэдээллийн зөрүүтэй байдлаас л бий болсон зүйл. Цаад агуулгыг нь ойлгохгүйгээр, АН-ынхан ч, Ардын намынхан ч кнопдоод л явчихсан. Нэг талдаа энэ бол хариуцлагагүй байдал.
ХҮН нам өөрсдийнхөө байр суурийг УИХ дээр хамгаалаад явдаг. Гэхдээ бид парламентын танхимд хашгирах гэхээсээ илүү ажил хэрэгч байдлаар л ханддаг. Эсрэгээрээ чанга хашхирдаг, уяраадаг, уянгалдаг нөхдүүд парламент дээр дэмжлэг авч байгаа юм бол бид дараагийн шатанд шилжээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой юм байна гэдэг байр суурь орж ирж байна.
ХҮН нам ачаагаа үүрч байна, шүүмжлүүлж байна. Ажлаа ч урагшлуулж байгаа. Кабинетынхаа зарчмыг өмнөө барьж ажиллаж байгаа гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл, ЗГ дээр ярьсан агуулгыг парламент дээр 100 хувь хамгаалж яваа. Нэг зүйл бий. Бид дараа дараагийн сонгуулиуд дээр парламент дахь кнопоо нэмж байж, популизмгүйгээр бодлого судалгаанд үндэслэж төсвөө баталдаг болно. Ядаж бүлэгтэй болох шаардлага бий. Ийм л парламентын механизмыг төгөлдөршүүлэхэд ХҮН намын үүрэг оролцоо их байна.
-ХҮН намын зүгээс ЗГ тогтвортой байх ёстой гэх зарчмын байр суурийг байнга илэрхийлдэг. Гэтэл хамтарсан ЗГ гэх нэртэй боловч танай сайд нарыг ажил хийлгэхгүй байгаа юм биш үү. Өнгөрсөн хавар П.Наранбаяр сайд дээр тод харагдсан. Сая л гэхэд тодотгол оруулж ирэх үед Б.Найдалаа сайд руу чиглэсэн мэдээллүүд ч олон гарсан. Та намын даргын хувьд "жинтэй" анхааруулга өгөхгүй юм уу?
-Хамтарсан намынхаа сайд нарыг сошиал шүүлтүүр рүү оруулдаг, жийдэг байдал газар авлаа гэдэг байр суурийг манай намын зөвлөлөөс ч илэрхийлж байгаа. П.Наранбаярыг Боловсролын сайдаар ажиллаж байх үед манай намын гишүүдээс энэ байр суурийг их илэрхийлж байсан нь үнэн. Гэхдээ бид кабинетын зарчмаа бариад, аль болох тогтвортой байдлыг хадгалах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гээд тэсээд л явж байсан. Б.Найдалаа сайд эрчим хүчний салбарыг удирдаад таван сар л болж байна. Энэ хугацаанд маш олон ажлыг бид амжуулж байна. Тухайлбал, анх удаа нээлттэй, ил тод дуудлага худалдааг зохион байгуулж, хөшигний цаана явагддаг байсан авлига, хээл хахууль, цавчааг байхгүй болгосон. Салбарыг 100 хувь хувийн сектор руу нээж өгч, өрсөлдөөнийг бий болгож байна. Дараа дараагийн өрсөлдөөнийг бий болгож байна. Үүнээс харахад, Б.Найдалаа сайдыг маш хурдтай, сайн ажиллаж байгаа гэж хэлнэ. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас үүдэж, эрчим хүчний төслүүдийг гацаах, үндэслэлгүй худал мэдээлэл түгээх зэрэг зүйл болж байна. Харамсалтай нь, АН гэхээсээ илүү Ардын намын гишүүд буруу мэдээлэл тарааж, улстөржиж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. МАН-ын дарга Н.Учралд би ХҮН намын даргын хувьд буруу шүү гэдгийг нь анхааруулж байгаа. Хамтарч ачаа үүрч байгаа улс төрийн хүчнийхээ сайдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дайрч доромжилж, ажил хийлгэхгүй байвал цаашид хамтарсан ЗГ гэдэг ойлголтод буруу жишиг тогтоно. Өмнөх арав гаруй жилд Ардын нам засгийг дангаараа барилаа. АН ч сөрөг хүчин хийлээ.
Цоо шинэ Үндсэн хуулийн орчинд бид засаглаж үзэж байна. Ингэхдээ дандаа хамтарч засаглаж байна. ХҮН намын хувьд, тэсэж үлдэж байгаад “Хамтарч засаглаад үр дүнд хүрдэг” гэдгийг үзүүлнэ. Тиймээс бид тэсье л гэж байгаа.
Ажлаа хийж үзүүлье. Ард нь гарч үзүүлье. Гэхдээ Ардын намын зарим гишүүдэд хандаж хэлэхэд, та нар улс төрөө хэтэрхий бодоод ирээдүйд хамтарч явах соёлыг үгүйсгэж болохгүй. ХҮН намыг Засгийн газраас гаргах сонирхол зарим улс төрийн хүчинд их байдаг. ХҮН нам л гарчих юм бол энэ Засгийн газар өөрчлөгдөнө гэдэг улстөрчид байгаа нь бодитой. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг чухал. Түүний тулд Засгийн газар тогтвортой байх ёстой. 2027, 2028 оны сонгууль ирж байна. Улс төр маш их халах гээд байна. Энэ нөхцөлд хэн ажил хийх юм. Тогтвортой байж тодорхой үр дүнд хүрнэ.
-Одоо л дэлхийн том тоглогч нартай яриа хэлцлээ хийхгүй бол дахиад л боломжоо алдлаа. Боломжоо хойш тавиад дотроо л хэн нь дарга, цэрэг байхаа үзчихье гээд байвал Монгол Улс хөгжихгүй-
-Та тогтвортой байдал гэдэг зүйлийг их ярьж байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд ажлаа хийж чадахгүй бол Засгийн газрыг огцруулъя гэдэг зүйл үе үе хөндөгддөг болчихлоо шүү дээ?
-Энэ бол маш чухал асуудал. ХҮН нам 2023 онд ҮХНӨ-ийг манлайлж хийсэн. Бид ордонд биш иргэд рүүгээ очиж энэ өөрчлөлтийг хийсэн. Би УИХ-ын гишүүнийхээ дөрвөн жилийн гуравт нь намынхаа гишүүдтэй цуг 21 аймгаар гурван удаа, 180 гаруй сумдаар очиж ҮХНӨ-ийг хийе гэж явсан. Хоёр ч удаа талбай дээр жагсаал хийж байлаа. Маш их зүйлийг давж байж ҮХНӨ-ийг хийж чадсан. Энэ нь парламентын дархлааг бэхжүүлэхэд маш чухал зүйл болсон. 126 гишүүн байгаагүй бол Ардын нам гэх нэг л эрх баригчтай байх байсан. Цаашид Ардын намынхан энэ байдлаараа засаглаж чадах уу гэдэгт бүгдээрээ л эргэлзэж байсан шүү дээ. Тиймээс хамтраад засаглаад явах нь үр дүнтэй юм гэж үзсэн.
Шулуухан хэлье. Ардын нам дангаараа байсан бол эрчим хүчний реформыг хийж чадахгүй. Тарифаа зах зээл рүү шилжүүлж чадахгүй. Тиймээс л бид ҮХНӨ-ийг хийж, ужгираад байгаа асуудлуудаа сууриар нь шийдье, реформ хийе гэсэн. Энэ бол баруун Европын загвар.
Энэ бол баруун Европын загвар. АН, МАН, ХҮН аль ч нам нь нийлээд асуудлын ард гарахгүй бол дангаараа дийлэхгүй гэдэг нь тодорхой байсан. Үүний тулд тогтвортой байх ёстой гэдэг нь суурь зарчим, хүчин зүйл. Харамсалтай нь хоёр ч ЗГ уналаа. Гурав дахь ЗГ ажиллаж байна. ХҮН нам өмнөх Засгийн газруудыг бүгдийг нь л хамгаалсан. Одоо ч хамгаалж байгаа. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал муухай, сайхандаа биш. Гол нь энэ чинь Монгол Улсын Засгийн газар. Бид маш том хөрөнгө оруулалтуудыг татах боломж бүрдчихээд байдаг. Гэтэл Засгийн газар нь тогтворгүй байхаар хэн бидэнд итгэж мөнгөө Монгол Улсад оруулж ирэх юм. Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй бол эдийн засаг өсөх боломж байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнээс олж ирсэн мөнгөө хувааж өгдөг л эдийн засагтай хэвээр байна. Тиймээс бид тогоогоо томруулаад, хөрөнгө оруулалтаа татаад, экспортоо өсгөж байж эдийн засаг маань сэргэх боломжтой. Эрчим хүчний хэрэглээг хиймэл оюун ухаан асар их өсгөсөн. Яг энэ мөчийг ашиглаж, том тоглогч нартай яриа хэлцлээ хийхгүй бол дахиад л боломжоо алдлаа. Цаг хугацаа ийм үнэтэй. Гэтэл тэр Монгол Улс яах вэ, хөрөнгө оруулалт яах вэ, бүгдээрээ дотроо л хэн нь дарга цэрэг байхаа үзчихье гэдэг хувиа хичээсэн байдлаар хандах юм бол манай улс хөгжихөд хэцүү. Тиймээс улсынхаа хөгжлийн асуудлыг нэгдүгээрт тавиад, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Үүний тулд ХҮН нам ачаагаа үүрээд, кнопдоод явъя гэдэг зарчмын байр суурьтай. Цаашид улс төрийн намууд ийм байгаасай гэж хүсэж байна. ЗГ-аас гараад явдаг, алга ташуулахын тулд цүнхчин болдог зүйл чинь одоо боломжгүй.
-Тогтвортой байдалд гаднын хүчин зүйлээс гадна та бүхний өөрсдийн дотоод эв нэгдэл чухал болов уу. Сүүлийн сар гаруйн хугацаанд зарим сайд нарыг кабинетынхаа эсрэг ажиллав уу гэдэг асуудал хүртэл хөндөгдсөн. Танай Засгийн газар дотооддоо хэр эв нэгдэл, ойлголцолтой байгаа юм бэ?
Анх энэ Засгийн газар байгуулагдаж байхад “Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг” ЗГ үүсэх нь гэдэг хүлээлттэй байсан. Гэхдээ бодит байдал дээр сайд нар кабинетын зарчмаа сайн барьж байгаа. Үл ойлголцол, хуваагдаад байгаа зүйл ажиглагдахгүй байна.
Давуу тал нь, кабинетыг ахалж байгаа Ерөнхий сайд нь залуу, эрч хүчтэй байна. Сайд нартаа хүндэтгэлтэй хандаж байна. Энэ арга барил нь цаашид кабинетыг урт хугацаанд явуулах боломжийг үүсгэж байна. Ер нь Ардын нам бол дарга төвтэй нам шүү дээ. Түүнийг нь өөрчилж байгаа Ерөнхий сайд гэж дүгнэж байна. Асуудалд хандахдаа сайд нараа сонсож байна. Хэлэлцүүлэг ч сайн хийж байна. Тиймээс нэгдсэн байр суурь дээр очих боломж үүсэж байна. Энэ ЗГ эв нэгдэлтэй байгаа.
-Таниас хөрөнгө оруулалт хариуцсан сайдын хувьд асууя. Эргээд ЗГ-ын тогтвортой байдалтай холбоотой асуудал ч үүнтэй холбогдоно. Ер нь хөрөнгө оруулагчид ЗГ тогтворгүй байгаа энэ процесс дээр ямар коммент хэлж байна вэ. Хөрөнгө оруулалт татах ажилд ямар нөлөө үзүүлж байна?
-Бодит байдал дээр яаж таатай байх билээ дээ. АН, МАН, ХҮН намын хамтарсан ЗГ-ын үед бид нэлээн амбицтай ажиллаж байсан. Томоохон төслүүдийг хэрэгжүүлье гээд санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил нь гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан сайдын хувьд надад оногдсон. Гадагш явж, хөрөнгө оруулалт босгох ажил дээр төвлөрсөн. Харамсалтай нь ЗГ огцорч, тухайн хөрөнгө оруулалтууд бүгд зогссон. Дараагийн ЗГ гарч ирээд, илүү хэмнэнэ цэгцэрнэ гэдэг тал руу ажилласан. Гэтэл дахиад огцорчихсон. Одоо гурав дахь ЗГ байгуулагдаад 5-6 сарын л нүүр үзэж байна. Яах аргагүй энэ нөхцөлд томоохон хөрөнгө оруулагчид гацчихаж байгаа юм. Энэ нөхцөл байдлаас гарах гарц Хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилсөн явдал байсан. Өнгөрөгч долоодугаар сард баталсан эл хуулийн өөрчлөлтөөр, улс төр яаж ч өөрчлөгдсөн бодлого нь хэвээр байх болно гээд 20 хүртэлх жилийн тогтворжуулалтын гэрчилгээ гаргаж өгөхөөр болсон. Түүнээс хойш хөрөнгө оруулалтын тухай хуулийн орчин болоод татварын хөшүүргүүд ажиллаж эхэлснээс хойш буцаад сэргэж байна. Нөгөө талдаа Засгийн газар солигдож байгаа ч хамгийн тогтвортой ажиллаж байгаа нь ХҮН нам шүү дээ. ХҮН нам хийсэн ажлаа дуусгана гэсэн байр суурьтай байгаа. Тэр агуулгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой яриад яваа учраас гадаадын санхүүгийн байгууллагууд итгэл үнэмшилтэй байгаа. Тиймээс энэ асуудал нь эргээд ХҮН намд үүрэг болчхож байгаа юм. Бид гаднынханд очоод худлаа хэлж болохгүй. Бодитой, үнэн байх ёстой. Тэгж байж л хөрөнгө оруулагчид чинь тооцоо, судалгаагаа хийнэ. Ямар ч байсан дөрвөн жилийн хугацаанд гаднын хөрөнгө оруулалтыг хариуцаад явна. Гадна талд энэ сувгаар итгэл үнэмшил байгаа.
-Зарим гишүүд дэлхийгээ мэдэрмээр, мэдмээр байна. Надад итгэхгүй байгаа бол ядаж chatgpt-ээс асуу-
-Та гадаадын хөрөнгө оруулалтыг хоёр жил гаруй хугацаанд хариуцаж ажиллалаа. Яг бодит хөрөнгө оруулалт тал дээр гарсан үр дүн юу байна вэ?
-Монгол Улсын хувьд гаднын хөрөнгө оруулалт татах хамгийн том салбар нь эрчим хүч. Дэлхий нийтийн хэрэглээнд хиймэл оюун ухаан хүчтэй нэвтэрч байна. Хиймэл оюун ухаан юугаар тэжээгддэг вэ гэвэл эрчим хүч. Эрчим хүч дотроо цэвэр эрчим хүч. 2005 оноос урд хөршийн эдийн засаг тэлж, үр ашиггүй байсан уул уурхайн бүтээгдэхүүнүүд маань экспортод гарч, борлуулагдаж эхэлсэн. Үүнийг дагаад манай эдийн засаг ч тэлсэн. Арав гаруй жил энэ цикл үргэлжилсэн. Үүний дүнд Оюу Толгой, Тавантолгой зэрэг төслүүд хөдөлсөн шүү дээ. Одоо дараагийн давлагаа уул уурхай бус эрчим хүч дээр ирж байгаа. Эрчим хүчний хамгийн их нөөцтэй улс бол Монгол. Тэгвэл том хэмжээний эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх сонирхол гадаадын хөрөнгө оруулагчдад байна. Гол нь үүнд Монгол Улс бэлэн үү гэдэг л асуудал байгаа юм. Манай Засгийн газрын хувьд бэлэн гэдгээ илэрхийлж, том төслүүдээ хөдөлгөе гэсэн. Бид эрчим хүчний реформ хийнэ гэдэг бодлогоо дэлхийд зарласан. Мөн олон жил хямд барьсан тарифыг хөдөлгөсөн. Өөрийнх нь өртөг рүү жаахан ойртуулсан. Тухайн үед ард түмний амьдрал хэцүү байхад тариф нэмчихлээ гэж маш их шүүмжлэл гарч байсан шүү дээ. Хамгийн муу хүн нь Т.Доржханд болж хувирсан шүү дээ. Хувийн сектор оруулж ирж өрсөлдөөн бий болж, нийлүүлэлт бий болсны дараа үнэ буцаад бууна. Үр дүнд нь бодлогоо зарласнаас ердөө нэг сарын дараа ЕСБХБ-ны тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийе гэдэг шийдвэрийг Давост гаргаж байсан. Энэ нь өр биш. ЗГ-т өгч байгаа мөнгө ч биш. 100 хувь эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн санхүүжилт юм. Тухайн үеийн тооцоогоор эхний ээлжид 2 мянган МВт-ын эрчим хүч хэрэгтэй ба түүнийг 100 хувь хувийн сектороор хийлгэе гэсэн. Гэхдээ хувийн сектороос хоёр асуудлыг хөндсөн. Нэгдүгээрт, ашиггүй бизнес байна гэсэн. Тариф ийм хямд юм чинь алдагдалд орно гэсэн. Хоёрдугаарт, мөнгө нь байхгүй байна гэсэн. Хэн мөнгө өгөх вэ гэдэг асуудал үүссэн. Тэгэхээр тарифыг зах зээлийн зарчимд нь оруулаад, 2 гега ваттыг барихад 2 тэрбум ам.доллар хэрэгтэй байсан. Эхний нэг тэрбум ам.долларыг ЕСБХБ-наас, үлдсэн нэг тэрбум еврог Европын хөрөнгө оруулалтын банкнаас хувийн сектор руу өгөх боломжийг нээсэн. Энэ бол бодит ажил. Энэ ажил хийгдээд явахаар үр дүнд нь Монгол Улсын дотоод хэрэгцээ бүрэн хангагдана.
Би 2028-2030 он гэхэд биеэ даасан эрчим хүчний системтэй болно гэж мэдэгдэж байсан шүү дээ. Тухайн мэдэгдэл хийсний дүнд гадна талд сигнал сайн очиж, хөрөнгө оруулагчид их ирсэн. Түүгээр Т.Доржхандыг жаахан шоглоод байдаг. “Цахилгаан чинь тасраад байна. Та улс төрөөсөө яваач ээ” гэдэг. Гэхдээ тэр мессэж чинь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг идэвхжүүлэх зорилготой явсан мессэж. Би “2028-2030 онд бие даасан эрчим хүчний системтэй орон болно” гэдэг үг дээрээ байгаа. Түүнийхээ төлөө маш их хичээж ажиллаж байна.
Дараагийн асуудал бол том хөрөнгө оруулалт. Том хөрөнгө оруулалт орж ирж байж манай жижиг зах зээлийг дүүргэх юм. Энгийнээр хэлбэл, Монгол Улсын зах зээл маш жижигхэн. Ердөө 2-хон гега ватт. Зундаа хэрэглээ нь уначихдаг. Өвлийн хэдхэн сард оргил ачаалалтай тулдаг. Тэгэхээр та бизнес хийе гэхээр ашиггүй байгаа биз дээ. Тогтвортой орлого байхгүй. Нэг станц барьчихдаг. Гэтэл үнэ нь хямд. Тэгсэн мөртлөө зах зээл нь савладаг. Энэ салбар руу хөрөнгө оруулалт хийгээч ээ гэхээр хүмүүс орж ирэхгүй байна. Цахилгаан станц барья гэхээр улсын төсөв дээр эх үүсвэр нь алга. Гаднаас зээл, санхүүжилт аваад явья гэхээр 2014 оноос хойш декларацаар хаачихсан байхгүй юу. Би сүүлийн хоёр жилийн турш АНУ-ын хөрөнгө оруулалтын банкуудтай уулзсан. Нүүрс санхүүжүүлнэ гэсэн нэг ч бан байхгүй. Хятад ч ялгаагүй. Хувийн компаниуд нь л юу юм гэхээс. Бидний хувьд нүүрснийхээ станцыг баримаар л байна шүү дээ. Гэхдээ бодит байдал дээр санхүүжилт байхгүй бол тэр чинь зүгээр л мөрөөдөл. Гэтэл богино хугацаанд маш хурдтай хийгдэх, санхүүжилт бэлэн байгаа зүйл нь сэргээгдэх эрчим хүч юм. Тиймээс сэргээгдэх дээр хөрөнгө оруулалт хийе гээд Акуа повер ирээд зарлачихсан. Одоо судалгааны ажлаа хийгээд, газар авах ажил руу орж байна. COP17 хурлын үеэр дата төв дээр 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой хэлцлүүд хийгдээд явж байна. Эдгээр нь бүгдээрээ экспортын төслүүд. Манай улсын зах зээл жижиг учраас хувийн сектор цахилгаан станц бариад үр ашиггүй. Үүнийг нь богино хугацаандаа шийдэх хүндрэлтэй байна. Та алдагдалтай ч хамаагүй цахилгаан станц бариач гэхээр орж ирэхгүй байна. Тэгвэл ямар байдлаар шийдэх вэ. Хятад, Солонгосын зах зээл болон хиймэл оюун ухааны үүсгэж буй шинэ зах зээл нь эрчим хүчний хэрэглээг өсгөөд байгаа юм. 2025 он хүртэл эрчим хүчний хэрэглээнээс даруй 2 дахин их цэвэр эрчим хүчний хэрэглээ дараагийн таван жилд үүссэн. Дэлхий ийм болчихсон.
Тэгвэл бид дата төвийг нь барьчихвал тэр их хэмжээний эрчим хүчний нийлүүлэлтээс нь өвлийн оргил ачааллын үед хэрэглэх эрчим хүчээ аваад нөхчхөнө. Энэ нь Монгол Улсад маш үр ашигтай.
-Нэг ёсондоо экспортын төсөл хэрэгжүүлээд үйлдвэрлэж буй эрчим хүчээс нь дотоодынхоо хэрэгцээг хангана гэсэн үг үү?
-Манай жижиг зах зээл дээр орж ирэх төсөл байхгүй байгаад байна. Эсрэгээрээ том зах зээл рүү орж ирэх хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлээд байна.
Тэгэхээр эхлээд экспортын төслүүдийг маш эрчимтэй хэрэгжүүлээд, түүнээс өөрсдийн хэрэглээг аваад явах нь хамгийн хурдан шийдэл нь.
Эрчим хүчний зах зээл дахь бизнесүүд нь Хятад, Солонгос, Японы зах зээлийг онилж байна. Гэтэл манай нар, салхины өгөөж их. Хамгийн гол нь нар салхины батарей ч юм уу, тоног төхөөрөмжийг нийлүүлэгч нь Хятад улс. Бид яг хажууд нь байна. Хятадаас тээвэрлэж авч ирвэл хямд эрчим хүч үйлдвэрлэх боломж байгаа учраас хөрөнгө оруулагчид түүнийг харж байна. Зардал буураад ирэхээр экспорт хийхэд өрсөлдөхүйц болдог. Энэ агуулгаараа экспортын төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал гээд явж байна. Хоёрдугаарт, дата төв гэдэг бол нар салхи, газрын гүнд байгаа нүүрс, үндсэн сүлжээгээс эрчим хүчээ авч ажилладаг. Монгол Улс нүүрсний баялагтай. Гэтэл нүүрсний цахилгаан станц барья гэхээр санхүүжүүлэгч байдаггүй. Нөгөө талдаа нүүрсийг ухаж гаргаад экспортолъё гэхээр нүүрс гүнд байдаг. Гаргаж ирээд тээвэрлэхээр үнэ өндөр болоод өрсөлдөх чадвар буурдаг. Харин газрын гүнд байгаа нүүрсийг ашиглахын тулд уурхайных нь аман дээр дата төв, цахилгаан станцаа барьчихаж болно. Энэ бол Монгол Улсын давуу тал. Тиймээс богино хугацаанд дата төвийн хөрөнгө оруулалт Монголыг онилж байна. Дата төв барихад заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Уурхайн эзэнтэй уулзаад, эрчим хүчээ үйлдвэрлэ. Шилэн кабелиар явж байгаа тэр дата чинь дэлхийн 8 тэрбум хүн рүү экспортлогдож байгаа юм. Агуулга нь, дата төвийн бүтээгдэхүүний 70-80 хувь нь эрчим хүчээр ажилладаг. Тэгэхээр энэ нь эрчим хүчний төсөл. Энэ бол экспортын боломж юм. Ийм байдлаар экспортын төслийг дөрөв ангилаад явж байгаагийн ердөө хоёр л энэ.
-Монгол Улс эрчим хүч экспортолно гэх агуулгыг тань энгийн иргэд байтугай улстөрчид нь хүртэл шоглоод яваа шүү дээ?
-Харин тийм ээ. Манай зарим гишүүд дэлхийгээ мэдэрмээр, мэдмээр байна. Технологи яаж хөгжиж, хиймэл оюун ухаан яаж хурдацтай тэлж байгааг, ямар их эрчим хүчний эргэлтийг болгочихсон байгааг, түүнд Монгол Улс ямар давуу талтай талаар гадагш явж мэдээлэл авч чадахгүй байгаа бол ядаж chatgpt-ээс асуух хэрэгтэй. Надад итгэхгүй байгаа юм бол. Ингэж байж хөгжих боломж үүснэ. Жирийн иргэд гэхээсээ илүү зарим УИХ-ын гишүүд нь хүртэл мэдээлэлгүйгээс болж сөрдөг. Зарим мэдэж байгаа нь хүртэл мушгидаг. Тун удахгүй бүх хүмүүс мэддэг болчихно. Учир нь хиймэл оюун ухаан хүн бүхний хэрэглээ болж байна. Түүнээс Монгол Улс эрчим хүч экспортлох боломжтой юу гээд асуугаад үзээрэй. Бүх тайлбарууд нь гаргаад үзээрэй.
-Одоо Монгол Улс эрчим хүчний хамгийн sexy улс болсон. Учир нь бид реформоо амжилттай хэрэгжүүлж байгаа-
-Та яриандаа дата төв, сэргээгдэх эрчим хүч гээд шийдлүүдийг дурдаж байна. Гэхдээ сонгууль болно. Өөр нэг ЗГ байгуулагдана. Хэдий бодлогын залгамж халаа гэдэг зүйлийг ярьдаг боловч бодит байдал дээр та бүхний хэрэгжүүлж эхлүүлсэн, цаашид ч зорьж байгаа энэ шийдлүүд үргэлжлэх болов уу?
-ХҮН нам 2028 оны сонгууль дуустал өөрсдийнхөө эрчим хүчний реформыг хийж хэрэгжүүлнэ. Засгийн газарт тогтвортой ажиллана. Бид хүмүүсийг шүүмжилж, популизмаар хөөцөлдөж сонгуульд орохгүй. ХҮН нам хийсэн ажлаа үзүүлээд, дүгнүүлж орно. Энэ соёлыг монголын улс төрд бий болгоно. Ирээдүй цаг дээр ярихаас илүү өнгөрсөн цаг дээр ярьж, хийсэн ажлаа танилцуулаад ард түмнээс мандатаа авна. Энэ бол манай намын хатуу байр суурь. Намын даргын хувьд ч би ийм байр суурьтай байгаа. Цаашид эрчим хүч, технологи, хиймэл оюун ухааны салбар хүссэн хүсээгүй дэлхийн хөгжлийг тодорхойлно. Энэ салбар дээр ХҮН нам парламент, ЗГ-т байх үедээ тогтвортой ажиллана. Аливаа реформ хамгийн багадаа 3-5 жил байдаг. Дунджаар 10-15 жил шаарддаг. Тиймээс үр дүнг нь үзнэ. Үзүүлнэ. Дор хаяж 10 жилд эхлүүлсэн ажлаа дуусгана. Эрчим хүчний реформыг хэрэгжүүлнэ. Засгийн газарт орох үедээ хариуцаад явна. Орохгүй байсан ч парламент дээр дэмжээд, шахаад явна.
-Хийсэн ажлаа дүгнүүлээд сонгуульд орно гэлээ. Та өмнө ХҮН нам 2028 оны сонгуулиар парламентад 32 суудал авна гэж хэлж байсан. Хийсэн ажлаа дүгнүүлээд явахад энэ зорилт хангагдаж чадна гэж харж байна уу?
-Би маш итгэлтэй байгаа. Ажил эхлээд явахад хүмүүс шүүмжилдэг. Үр дүн гараад ирэхээр ойлгодог. Эхний хоёр жил иргэдэд ойлгуулах гэж маш их шүүмжлүүлсэн. Та бүхэн хар л даа. Анх эрчим хүчний тарифын өөрчлөлтийг хийхэд иргэд уурлаж байсан. Өнөөдөр иргэд буцаад ойлгож эхэлж байна. Гэтэл үнийг чөлөөт зах зээл рүү нь оруулаад, өртөг рүү нь ойртуулсны дүнд сонирхол бий болж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирсэн. Нийлүүлэлт өсөөд ирэхээр зах зээл нь ажиллаад ирнэ. Өрсөлдөөн бий болоод ирэхээр үнээрээ өрсөлдөөд эхэлнэ. Энэ бол эдийн засгийн онол. Үнийг нь тодорхой түвшинд чөлөөлөөд ирэхээр хүмүүс дургүйцэж болно. Бүтэн жилийн турш хамгийн муу улстөрч нь Т.Доржханд байсан шүү дээ. Намайг барьж идсэн. Өнөөдөр хамгийн муу улстөрч нь Г.Дамдинням байгаа байх. Гэхдээ зах зээл рүү нь хаяад ирэхээр хэсэг хугацаанд үнэ өсөж байгаад, гадна дотныхон нийлж байгаад нийлүүлэлтээ өсгөнө. Дагаад үнэ буурна. Энэ бол зарчим. Зарчим алдагдсан ганц салбар нь эрчим хүчний салбар байсан. 35 жил хэн ч үүнийг хийж зүрхэлдэггүй байсан. Тэгвэл одоо маш их хөрөнгө оруулалтууд эрчим хүч дээр ирж байгаа.
Хоёр жил дэлхийг тойрч монголыг сурталчиллаа. Зарим нь монгол гэж ямар улс байдаг талаар ч мэдэхгүй байна. Түүнээс нь эхлээд бүх тайлбарыг нь хийгээд, эрчим хүчний тоглогч нартай ярьж мэдээллээ солилцсоны дүнд сонирхол нь орж ирж байна. Энэ чинь хоёр жилийн хөдөлмөр шүү дээ.
Дуудлага худалдаа зарлахад битүү тэмцэл болж байна. Хэзээ эрчим хүчний салбарт гаднын компаниуд ингэж сонирхлоо илэрхийлж байсан юм. Бодитой үр дүн шүү. Үр дүнг ямар ч хүн мушгиж, харлуулаад өөрчлөх боломжгүй. Одоо бол Монгол Улс эрчим хүчний хамгийн sexy улс болсон. Учир нь реформоо амжилттай хэрэгжүүлж байгаа.
Монгол Улс зөвхөн өөрийгөө хангаад зогсохгүй уул уурхайгаас давсан орлогыг эрчим хүчнээс авч чадна. Бид алхам ч ухарч болохгүй. Тиймээс төслийг гацаадаг, мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүсээр эрчим хүчний салбарыг тоглуулахгүй. Популистуудаар тоглуулахгүй. Экспортын орлогыг олон төслүүдийг бий болгож чадсанаар Монгол Улс богино хугацаанд эрчим хүчнээсээ орлого олдог, тусгаар тогтносон улс болно.
-"Ерөнхийлөгчөө захиалъя" аяныг дахин явуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Хувь хүнийхээ хувьд надад нэр дэвших бодол огт байхгүй-
-Тантай уулзсаных асуулгүй өнгөрөөж болохгүй зүйл байна. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль. Улс төрийн хүчнүүд өөр өөрсдийн хэмжээнд бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон харагдаж байна. Танай нам 2027 оны сонгуульд ямар байдлаар оролцох вэ. Нэр дэвшигчээ хэрхэн сонгох вэ?
-Манай ХҮН нам байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. 2021 онд "Ерөнхийлөгчөө захиалъя" гэдэг аян явуулаад хамгийн их санал авсан Дангаасүрэнгийн Энхбат гэх инженер, эрдэмтэн хүнийг нэр дэвшүүлж байсан. Үүгээрээ Ерөнхийлөгчийн кандитад байх шаардлагыг өндөрсгөж, өрсөлдөөн бий болгохыг зорьсон. Энэ зарчмаа 2027 онд хадгална. Улс орон даяар "Ерөнхийлөгчөө захиалъя" аянаа явуулна. Түүнээс шаардлага хангасан кандитат нь нэр дэвшээд явах болов уу.
-Гэхдээ нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн улстөрч байхгүй юу?
-Одоогийн байдлаар бидэнд хийх ажил их байна. Сонгуулийн үед нь л сонгуулиа ярья. Сонгуулиас сонгуулийн хооронд ажилладаг байж болохгүй. Өмнөх муу жишгийг дагаж болохгүй. Өөрөөр хэлбэл, яаж ийж байгаад ялчихдаг. Засаглах нь хамаагүй гээд хаяж болохгүй. Эсрэгээрээ яаж засаглаж, яаж бодитой ажил хийх вэ гэдэг нь чухал. Үр дүнгээрээ л сонгуульд ордог байх нь зөв жишиг. Энэ утгаараа 2027 оны сонгууль ярих эрт байна. 2028 оны сонгууль ярих бүр эрт байна. Түүнээс наана төр засаг маань тогтвортой байгаасай, гадна дотнын хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин үзүүлээсэй, Монгол Улсын эдийн засаг тэлээсэй л гэж бодож байна. Үүнийг хийх үүрэг Засгийн газарт бий. ХҮН намын хувьд засагт хамтарч байгаа улс төрийн хүчний хувьд урдах ажлаа л харж байна. Сонгууль дөхөхөөр тэр ажил руугаа орно биз дээ.
-Та 8 сарын өмнө өгсөн ярилцлагадаа "Намын гишүүд маань намайг дэвш гэвэл бодож үзнэ" гэх агуулгыг хэлж байсан. Энэ бодол тань хэвээрээ байгаа юу?
Хувь хүнийхээ хувьд надад нэр дэвших ямар ч бодол байхгүй. "Ерөнхийлөгчөө захиалъя" аянаа явуулна. Тэндээс л нэр дэвшигч маань гарч ирэх байх. Миний хувьд эрчим хүчний реформоо тултал хийгээд, амласан амлалтаа биелүүлээд түүнийхээ ард гарвал нэр төрийн хэрэг байх болно. Хуучин улс төрийг жаахан өөрчилмөөр байна.
Ил тод, нээлттэй, авлига байхгүй байдлаар ажиллахын төлөө явж байгаа шүү. Ердөө таван сарын хугацаанд эрчим хүчний салбарт цоо шинэ хуудас нээчихлээ. Ямар ч авлига байхгүй болсныг бүх салбарынхан ярьж байна. Тендертэй холбоотой асуудлыг хиймэл оюун ухаанаар шийд гэдэг зарчим бариад явж байна. Зарим хүмүүс "ХҮН намынхан тэнэг юм байх даа" гэж боддог юм шиг байна лээ. Бидний хувьд реформ хийнэ. Нөгөө талдаа дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа гурван ч том авлигын хэрэг дээр шүгэл үлээж, шахаж сонсгол хийж байна. Одоо бид үглэж, шаардаж явах цаг биш. Өөрсдөө манлайлаад, шүдээ зууж байгаад системийг углуургаар нь шийдэх ажил бидний өмнө байна. Тэгвэл хариуцсан салбар дээрээ өөрчилж үзүүлэх амбицтай яваад байна. Үр дүн гарч байгаа. Ганцхан жишээ хэлье. 2024 онд хоёр тендерийн нэг нь амжилттай, нөгөө нь хуулийн байгууллага эргэдэг байсан. 50 хувь нь амжилттай болдог байсан гэсэн үг. Түүнийг 2025 онд 70 хувь болгосон. Одоогоор 80 хувьтай байгаа ба 100 хувьд хүргэхээр ажиллаж байна. 2028 онд тендер гэдэг үг муухай үг биш, авлига гэж сонсогддоггүй болгох гэж хичээж байна.
Ярилцсанд баярлалаа


