10 сая төгрөгөөр баавгай барих 2 ширхэг тор худалдан авахаар болжээ

Энэ оны байдлаар баавгай хүний суурин бүсэд орж ирсэн 557 тохиолдол бүртгэгджээ. Есдүгээр сарын эхээр баавгайн дуулиан эхэлж, албаны хүмүүс 1 тэрбум 88 сая төгрөгөөр амьтан унтуулах зориулалтын буу хүртэл захиалсан зэргээр биднийг ДУНШИЖ байх хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт баавгай хүний амь насанд халдсан ноцтой хэрэг энэ сарын 7-8-нд шилжих шөнө гарлаа.
Тус үйл явдал нийгмийг цочроож, илүү болгоомжтой байхыг сануулахын зэрэгцээ албаны хүмүүсийг ажлаа сайн хийхийг "Шаардсан" бололтой. Сарын өмнө эхэлсэн асуудалд аль хэдийн арга хэмжээ авсан байх ёстой атал НБОГ-аас өнөөдөр л "Баавгай барих төмөр тор"-ны 10 сая төгрөгийн зарыг цахим хуудсандаа байршуулжээ. Манай сурвалжлах баг өмнө нь Хустайн нуруунд бамбарууш унтуулж, зэрлэг байгаль руу нь зөөх үйл явцыг сурвалжилж байхад баавгайг тээвэрлэх тор байхгүйгээс хөдөө хээр, хүн амьтан хоёул 08.00-23.00 цаг хүртэл хүлээснийг мэдээлж байсан билээ.



