"Да хүрээ" орчмын хөрсний бохирдол БУУРСАН гэж дүгнэжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах таван жишиг төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах "Да хүрээ" авто худалдаа, засварын төвийн орчмын хөрснөөс 20 цэгт дээж авч, биобэлдмэл хэрэглэсний өмнөх болон дараах бохирдлын түвшнийг харьцуулан шинжилжээ.
Биобэлдмэл хэрэглэхээс өмнө 20 цэгийн 10 нь их, долоо нь дунд, хоёр нь бага бохирдолтой, нэг нь цэвэр ангилалд байсан бол хэрэглэсний дараа нэг нь их, хоёр нь дунд, долоо нь бага бохирдолтой болж, цэвэр ангилалд хамаарах цэгийн тоо 10 болж нэмэгдсэн байна.
Мөн шинжилгээгээр:
- Salmonella/Shigella төрлийн нянгийн бохирдол 90 хувиар,
- Clostridium perfringens нянгийн бохирдол 64.7 хувиар,
- E. coli буюу гэдэсний савханцрын бохирдол 50 хувиар тус тус буурчээ.
Түүнчлэн шинжилгээнд хамрагдсан 20 цэгийн 19-д хөрсний нийт бактерийн тоо буурсан үзүүлэлт гарсан байна.
Судалгааны дүнгээс харахад биобэлдмэл ашигласнаар "Да хүрээ" авто худалдааны төв орчмын хөрсний эрүүл ахуйн бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж төслийн хэрэгжүүлэгчид мэдээлжээ.


