Нэн ховор ургамал хууль бусаар түүсэн найман хэрэгт 781 сая төгрөгийн хохирол тогтоожээ

Нийгэм
О.Алуунгуа
О.Алуунгуа
Унших: 1 мин 3 сек
00
Highland Forager Among Silver Shrubs.webp

Прокурорын байгууллагаас сүүлийн таван жилийн хугацаанд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн 327 гэмт хэрэгт хяналт тавьжээ. Энэ төрлийн гэмт хэрэг Сэлэнгэ, Дорнод, Булган, Завхан аймагт зонхилон бүртгэгдсэн байна.

Завхан аймгийн хувьд сүүлийн гурван жилд хүрээлэн байгаа орчны эсрэг 47 хэрэгт прокурор хяналт тавьснаас 33 нь хууль бусаар мод бэлтгэсэн, найм нь байгалийн ургамал түүсэн, тав нь хууль бусаар ан агнасан, нэг нь ашигт малтмалтай холбоотой хэрэг байжээ.

Тус аймагт Отгонтэнгэр хайрханы нэн ховор ургамал болох хонин арцыг ашиг олох зорилгоор хууль бусаар түүж, худалдаалах зөрчил түгээмэл гардаг байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль бусаар арц түүж, бэлтгэсэн найман хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, нийт 1086 кг арц хураан авчээ. Мөн байгаль орчинд учруулсан 781.4 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, 15 шуудай хонин арц хууль бусаар түүж, тээвэрлэсэн иргэнийг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, байгаль орчинд учруулсан хохиролд 153.2 сая төгрөг төлүүлэх, тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгох шийдвэр гаргажээ.

Ховор, нэн ховор ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэсэн тохиолдолд 5.4–27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1–5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Үүнээс гадна байгаль орчинд учруулсан хохирлыг тав дахин нэмэгдүүлж төлүүлдэг байна.