Увс аймгийн Ховд суманд айлын хотонд орж, мал руу дайрсан баавгайг буудаж устгажээ

Сүүлийн саруудад Увс, Хэнтий, Сэлэнгэ, Төв зэрэг зарим аймаг болон нийслэлийн суурьшлын бүсүүдэд баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж буй. Хамгийн сүүлд БЗД-ийн Улиастай орчимд айл руу дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Тэгвэл Увс аймгийн Ховд суманд айл хотонд орж, мал руу дайрсан баавгайг ажлын хэсэг гарган устгаж, мэргэжлийн байгууллагуудад шилжүүлжээ.
Тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр "Иргэд, малчдад анхааруулахад, ганцаараа яваа бамбаруушийг барьж, хашаа хороондоо хорихгүй байхыг анхааруулж байна. Эх баавгай араас нь ирж, хүний амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулах өндөр магадлалтай.
Мөн Увс аймгийн Засаг даргын зүгээс сум бүрд шаардлагатай тохиолдолд агнуурын багт ажиллах том буутай иргэдийн судалгааг гаргаж, бэлэн байдлыг хангах чиглэл өглөө" гэв.


