Байгаль орчны яам хүний амь хохирсны дараа цочроо авч, "Баавгай барих" тоног төхөөрөмж, тор 150 сая төгрөгөөр авах тендер зарлажээ

БЗД-ийн Улиастай орчимд баавгай айлын гэр рүү дайрсны улмаас 40 настай эрэгтэй нас барж, 55 настай эмэгтэй хүнд гэмтэж, ГССҮТ-д эмчлүүлэн хагалгаа хийлгэж буй. Үүнтэй зэрэгцэн иргэд олон нийт сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд баавгай элбэгшиж, мал амьтан барих асуудал гарсаар байтал тоног төхөөрөмж бэлэн байдал муу байгааг шүүмжилж байгаа юм.
Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас "Баавгай барих" тоног төхөөрөмжийг 150 сая төгрөгөөр худалдан авах тендер зарласан бөгөөд санхүүжилт нь Засгийн газрын нөөц сангаас гарах аж. Сануулахад, ЗГ-ын нөөц сангийн 1 тэрбум 88 сая төгрөгөөр баавгай барих тоног төхөөрөмж, унтуулах буу зэргийг авахаар болсон байдаг.
Дээрх тендер зарласан үйл явцаас, төрийн байгууллагууд заавал том хохирол, хүний амь насаар ЦОЧРОО авч байж ажил хийдэг болсон нь харагдаж байгаа юм.


