ТОЙМ: Монголын 300 гаруй тамирчин ‘Айчи-Нагояа 2026’-аас 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ

20 дахь удаагийн Азийн наадамд 45 улс, бүс нутгийн 17 мянга орчим тамирчин, албаны хүн оролцож, 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Медалийн хүснэгтийг БНХАУ 169 алт, нийт 341 медальтай тэргүүлсэн бол зохион байгуулагч Япон 83 алт, нийт 269 медаль хүртэж, Азийн наадмын түүхэн дэх өөрийн дээд амжилтаа шинэчилжээ. Харин БНСУ 39 алт, нийт 150 медальтай гуравдугаар байрт бичигдсэн байна. Монгол Улсаас 30 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж, 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл буюу нийт 15 медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг медалийн чанараар 27, нийт медалийн тоогоор 20 дугаар байрт жагсав.
Монголын багийн хамгийн өндөр амжилтыг жүдо бөхийн тамирчид үзүүлж, 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэнээр жүдогийн медалийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт оржээ.
Монголын багийн цорын ганц алтан медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд К.Ёолк хүртсэн юм. Тэрээр финалд Узбекистаны Нутфулло Абдурахимовыг 1 минут 30 секундэд иппоноор ялж, Монголын багийн “Айчи-Нагояа 2026” наадмын анхны алтан медалийг авчирлаа.
Ингэснээр К.Ёолк Азийн наадамд түрүүлсэн Монголын 28 дахь тамирчин, Азийн наадмын аварга болсон Монголын найм дахь жүдоч болж түүхэнд нэрээ үлдээв.
Энэ удаагийн наадмаар дэлхийн 54, Азийн 89 дээд амжилт шинэчлэгдсэн бөгөөд MMA, падел, серфинг, виртуал таеквондо, текбол зэрэг шинэ төрлүүд хөтөлбөрт багтсан нь онцлог байлаа.
Ийнхүү “Айчи-Нагояа 2026” Азийн наадам өндөрлөж, дараагийн наадам 2030 онд Катарын нийслэл Доха хотноо болно.


