Занданшатар: Байгалийн баялаг бол ашиглаад дуусгах нөөц биш, капитал хөрөнгө юм

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 12 сек
00
legacy:aalz/462424242.jpg

Байгалийн баялгийг зөвхөн ашиглах нөөц бус, улс орны эдийн засгийн үнэ цэн бүхий капитал хөрөнгө гэж үзэн үнэлж, бүртгэж, хамгаалах шинэ хандлагыг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай байна.

Энэ талаар байгалийн баялгийн үнэлгээ, усны нөөцийн асуудлаар хийсэн судалгааны хүрээнд онцоллоо.

Дэлхий нийтэд “Natural Capital” буюу Байгалийн капитал гэсэн ойлголт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд байгальд байгаа ус, ой, бэлчээр, хөрс зэрэг нөөцийг эдийн засгийн үнэ цэн бүхий хөрөнгө гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг хэдий хэмжээтэй байгаагаар нь тооцохоос гадна түүнээс хүн, нийгэм, эдийн засаг ямар өгөөж хүртэж байгааг үнэлэх зарчим юм.

Энэ чиглэлээр Стэнфордын их сургуулийн дэргэдэх Natural Capital Alliance ажиллаж, байгалийн нөөцийн үнэ цэнийг тодорхойлох, хэмжих, эдийн засгийн шийдвэр гаргалтад тусгах чиглэлээр судалгаа хийж байна.

Монгол Улсын хувьд энэ аргачлалыг нэвтрүүлэх нь ялангуяа усны нөөцийн хамгаалал, уул уурхай, газар ашиглалт, цөлжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Тухайлбал, усыг зөвхөн хэрэглээний нөөц гэж харах бус, тодорхой үнэ цэн бүхий байгалийн капитал гэж тооцож эхэлбэл усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулсан хөрөнгө, гарч буй үр өгөөжийг бодитоор тооцох боломж бүрдэнэ. Ингэснээр ус ашигласан тохиолдолд буцаан нөхөн сэргээх, хамгаалах шаардлага эдийн засгийн тооцоонд тусах нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсад усны нөөцийн асуудал улам бүр анхаарал хандуулах асуудал болоод байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүн амын өсөлт, үйлдвэрлэл, уул уурхайн усны хэрэглээ зэрэг олон хүчин зүйл усны нөөцөд дарамт учруулж байгаа нь энэ үед байгаа усны нөөцөө зөв үнэлж, урт хугацаанд хамгаалах бодлого шаардлагатай болж байгааг илтгэнэ.

Байгалийн капиталыг үнэлэхийн гол ач холбогдол нь байгаль хамгааллыг эдийн засгийн бодлогоос тусад нь авч үзэхгүй байх боломж бүрдүүлдэгт оршино. Ус, бэлчээр, ой, хөрс зэрэг нөөц доройтох нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь цаашлаад мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа, уул уурхай болон бусад салбарын эдийн засгийн үйл ажиллагаанд ч шууд нөлөөлөх боломжтой.

Тиймээс байгалийн баялгийг ашиглахын зэрэгцээ үнэлэх, бүртгэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бий болгох шаардлагатай. Ингэснээр байгальд байгаа нөөцийг өнөөдөр ашиглаад дуусгах бус, ирээдүйд үнэ цэнийг нь хадгалж үлдэх боломжтой болно.

Мөн байгалийн капиталын үнэлгээг банк, санхүү, хөрөнгө оруулалтын шийдвэртэй уялдуулах хэрэгтэй. Байгалийн нөөцийн бодит үнэ цэнэ, түүнд учирч буй эрсдэлийг тооцдог бол хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргахдаа тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг илүү бодитоор үнэлэх нөхцөл бүрдэнэ.

Ялангуяа Монгол Улсын хувьд усны нөөцийг хамгаалах, гол мөрөн, нуурын эхийг сэргээх, цөлжилттэй тэмцэх ажлыг зөвхөн байгаль хамгааллын хүрээнд бус, эдийн засгийн урт хугацааны бодлоготой уялдуулах нь чухал юм.