Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид долоо хоног бүр шинжилгээ өгнө

Төрийн ордонд орж УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид долоо хоног бүр Ковид-19 ийн шинжилгээ өгөх шаардлагатай болжээ. Энэ шийдвэрийг хамгаалалтын албанаас гаргасан хэмээн сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ долоо хоногтоо 12 дугаар сарын 8-наас хойш өгсөн шинжилгээний хариугаар Төрийн ордон руу нэвтрэх боломжтой болж байна.
Түргэвчилсэн болон PCR шинжилгээний алийг нь өгсөн ч хариу нь долоо хоногтоо хүчинтэй, Төрийн ордонд нэвтэрч болох юм байна. Гэвч одоогоор ихэнх оношлогооны төвүүдэд түргэвчилсэн оношлуур дууссан тул PCR шинжилгээ өгч байгаа аж. PCR шинжилгээний хариу одоо бол 2-3 хоногтоо гарч байгаа. Тэгэхээр уг хариугаа бариад 4-5 хоног л ажлаа саадгүй хийж болох юм байна.
Мөн дээр нь ажлын шаардлагаар шинжилгээ өгч байгаа тохиолдолд төлбөрөө төлөх ёстой. Нэг удаагийн шинжилгээний төлбөр 50 мянган төгрөг. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, нэгдсэн зохион байгуулалт хийхгүй бол сэтгүүлчид долоо хоног бүр 50 мянган төгрөг хувиасаа төлөөд шинжилгээнд хамрагдах боломжгүй юм.
Төрийн ордны ажилчид ч мөн долоо хоног бүр шинжилгээнд хамрагдах шаардлагатай болсон бөгөөд тэдэнд зориулсан PCR шинжилгээ ордонд ажиллаж буй аж. Үүгээрээ сэтгүүлчдээс шинжилгээ авч болохгүй юу гэсэн саналыг сэтгүүлчдийн зүгээс гаргаад байна.



