“Нүцгэн“ улирал

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2026/03/shinezurag.jpg

Хавар гэдэг хайлан улирал юм. Хорвоо дэлхий халхавчаа хуу татаад хачин уянгатай болчихсон ч юм шиг. Нууж хаах шалтаггүй “нүв нүцгэн” ариухан улирал. Хөнгөн нимгэн, уяхан, дулаахан.

Хотын гудамж, гудамжинд таарах хүмүүс, тэр хүмүүсийн харц. Яагаад ч юм дулаа оргисон сайхан. Зөрж өнгөрөх нэгнийг танихгүй ч гэлээ мэндэлмээр. Шалтгаангүй инээмсэглэж, шалтгаангүй догдлоод хачин янзын хайлан улирал юмсанж. Хаварт л чихэвчээрээ чиг хийж, хаашаа ч юм алхмаар.

Хэн нэгэн рүү яарч, хэн нэгнийг хүлээж, догдолж, гэгэлзэж, хайрлаж цээжин гүнээ тэмтрэх ховорхон боломжийг хавар л бидэнд олгодог юм шиг.

Хэзээ ч юм хаа нэгтээ гээж орхисон гэнэн дэврүүн өдрүүдийг хавар л бидэнд сануулдаг. Цээжнийхээ аглагт хадгалаад орхисон хамгийн нандин дурсамжаа хавар л сэмхэн гаргаж хардаг. Дурсамж тээж ирээд, догдлол үлдээгээд буцдаг хачин янзын улирал.

legacy:tsag agaar havar/484137336_9331014316990274_8445347932775408490_n.jpg