Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: “Team HUUK” VS “Team OYUK”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 17 секунд

Ардын намын даргын төлөөх өрсөлдөөн улам ширүүслээ. Энэ долоо хоногийн эхний өдөр М.Ганхүлэг гишүүн “хэлд” орж, байдлын гал дээр тос хийсэн. Араас нь өчигдөр орой МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийлээ. Энэ бол “зодоон” ширүүсэж буйн дохио. Бас Ерөнхийлөгчийн тал намын даргын асуудлыг яаралтай шийдэхээр хөдөлж буй явдал юм.

М.Ганхүлэг ч яахав, хуучин Ерөнхий сайдын үгийг л өмнөөс нь хэлсэн төдий. Харин өчигдрийн нэгжлэг бол намын даргын өрсөлдөөнд орж мэдэхээр байгаа Д.Амарбаясгаландаа өгч буй том ахын сануулга. Одоо хэдүүлээ “АТГ гэнэтхэн лаг ажлаа хийдэг болчихлоо” гэж тэнэг хүн шиг нэгнээ хуураад яах юм.

Тэгвэл МАН доторх намын даргын "зодоон" ба цаашлаад хэн нь намдаа болон улсдаа эрх мэдэлтэй үлдэх вэ гэсэн эрх ашгийн төлөөх том тэмцэл хэрхэн өрнөж буй талаар ярилцъя.

Хамгийн ойлгомжтой байгаа зүйл бол МАН дотроо Л.Оюун-Эрдэнэ ба Д.Амарбаягалангийн тал. У.Хүрэлсүх ба Г.Занданшатарын тал гэсэн үндсэн хоёр фракц дээр нэгдээд эхэллээ.

Энэ нэгдэл цаашдын том хагарлын эхлэл байх нь гарцаагүй болсон. Одоо аль нэг тал нь ялагдсан ч гомдогдсдын арми бэхжиж улам бүр даамжирч мэднэ. Учир нь хүчний харьцаа ерөнхийдөө тэнцүүхэн шахуу хуваагдаж буй тул “зодоон” өнөөдрөөр дуусахгүй гэдэг нь тодорхой.

Тэгвэл Ардын намын гол лидерүүдийн хэн нь хаана очиж, яаж нэгдэж буй талаарх улс төрийн сонирхолтой зургийг зурах гээд үзье. Энэ мэдээллийг харсан аль талаа барихаа мэдэхгүй төөрч будилж яваа гишүүдэд нь луужин болох биз. Харин хаана ямар улс төр өрнөж буйг мэдэхийг хүссэн бусад талууд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхэд дөхөм болох учиртай.

Уншигчдадаа ойлгомжтой байх үүднээс “TEAM OYUK”, “TEAM HUUK” гэж хүчний харьцааг хувааж байршуулцгаая.

TEAM OYUK”-ийн багт түүний хамгийн сайн найз гэгддэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан багтаж буй. Найз, нэмээ нэг үе. Цаашлаад нэг нь л эрх мэдлээ алдвал нөгөөх нь хэцүү нөхцөл байдал орно. Дараагийнх нь Хотын дарга Х.Нямбаатар. Уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг. Хотын даргаараа үлдэхийн тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт бууж өглөө ч гэсэн эцсийн мөчид сэтгэл нь Л.Оюун-Эрдэнэ тал руу явах нь ойлгомжтой. Дээр нь сая хот дээр явсан төсөл хөтөлбөр, зээл гээд бүх зүйл дээр энэ хоёр хүн хамтдаа доргино. Х.Нямбаатарыг дагаад экс хотын дарга Д.Сумъяабазар “TEAM OYUK”-д нэгдэж буй гэх мэдээлэл байна. Генсекийн суудалд түүнийг яригдаж буй гэх яриа сүүлийн үед гарах болсон. Энэ багт орох болсон гол холбоос нь Х.Нямбаатар. Д.Сумъяабазар болон Х.Нямбаатар гэдэг хоёр хүнийг нэг хүн гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын даргыг дагаад Шадар сайд С.Амарсайхан энэ багт нэгдэнэ. Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн. Эдгээрээс гадна энэ багт нэг том дүр хөндлөнгөөс орж ирж буй нь “Женко” Х.Баттулга. Нам дотроо одоо бол ямар ч орон зайгүй болсон тэрбээр Л.Оюун-Эрдэнийг хүчирхэгжүүлэхгүй л бол ирээдүй нь бүрхэг болж, тун удахгүй асуудалд орох нь ойлгомжтой. Тиймээс сүүлийн найдлага нь Ардын намын доторх эрх мэдлийг “TEAM OYUK”-ийн талд авч өгөхийн төлөө ажиллах явдал юм. Хамгийн сонин нь Х.Баттулга эдгээр хүмүүстэй ах дүү, бизнес, санхүү, худ ураг гээд бүхий л талаараа холбогддог гэдгийг бодох ёстой.

Тэгвэл “TEAM HUUK”-ийн багт хэн хэн орж байгаа вэ. Мэдээж Ерөнхий сайд Г.Занданшатар. Энэ хоёр хүн улс төрд анхнаасаа л хамт явсан улс. Дээр нь Н.Энхбаяр, Сү.Батболд, М.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, болон Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн тэргүүтэй “Увсын фракц” Ерөнхийлөгчийн талд гарчээ. Энэ холбоосыг харвал Сү.Батболд болон У.Хүрэлсүх хоёр эртний холбоотой хүмүүс. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад ч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад ч талууд бие биедээ түшигтэй явж ирсэн түүхтэй. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар бол яалт ч үгүй гарынх нь хүн. Нэгэн цагт гудамжинд хөөж гаргаж байсан М.Энхболдтойгоо буцаад нэгдэж байна гэдэг бол нам доторх дэмжлэгээ нэмэх гэсэн үйлдэл. М.Энхболдын фракц хэдийгээр хүчээ алдсан боловч Ардын намын болон төрийн бүх шатанд хүчтэй сүлжээтэй хэвээрээ байгаа юм. Гол зорилго нь өмнөх Л.Оюун-Эрдэнийг буланд шахаж өмнөх "шархаа" нөхөх явдал. Үүн дээр нэмээд “Увсын фракц” энэ талд орно гэдэг бол Ардчилсан намд байгаа Увсынхан бүхэлдээ Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм.

Ямар ч байсан нөхцөл байдал болон талцал хуваагдал ийм байдалтай өрнөж байна. Ирэх долоо хоногт эхлэх намрын чуулганаар гол улс төр эхэлнэ. Тиймээс асуудал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдлаа
О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдлаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.