МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
vbfvd.webp

Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК зэрэг Монгол Улсын иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөллийн хамт АНУ-ын Экспорт-Импортын банк (EXIM Bank) болон “Боинг” компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн парк шинэчлэл, худалдан авалтын санхүүжилтийн боломжийн талаар санал солилцжээ.

Уулзалтад америкийн талаас ЭКСИМ банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ба Дэд дарга Жэймс Бөрроуз Жр., Банкны үйл ажиллагаа хариуцсан дэд даргын үүрэг гүйцэтгэгч ба Тээврийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Фиоре тэргүүтэй албан тушаалтнууд оролцож, тус банкны экспортын зээлийн баталгаанд суурилсан санхүүжилтийн нөхцөл, шаардлагын талаар танилцууллаа. 

АНУ-ын ЭКСИМ банк Монгол Улс, “МИАТ” ТӨХК-тай 2013 онд “Boeing 767-300ER” агаарын хөлгийн худалдан авалтыг санхүүжүүлэхэд хамтран ажиллаж байсан сайн туршлагаа тэмдэглэж, цаашдын агаарын хөлгийн худалдан авалтад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэхүү уулзалт нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжих, хоёр улсын хувийн хэвшил болон санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.