"Энх мэнд" хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймагт эрүүл мэндийн үзлэгт 1300 иргэнийг хамрууллаа

Монголын Алт (МАК) ХХК-ийн санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Энх мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн 17 нарийн мэргэжлийн эмч Дундговь аймагт аравдугаар сарын 30, 31-нд ажиллалаа.
Хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймаг болон Дэлгэрхангай, Баянжаргал суманд эмэгтэйчүүд, хүүхэд, нярайд төрөлжсөн мэргэжлийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.
Энэ хугацаанд нийт 1300 орчим иргэн үзлэг, оношилгоонд хамрагдсанаас Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр 309, хүүхдийн чиглэлээр 282 үзлэг хийв.
Мөн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор мэргэшүүлэх сургалт зохион байгуулсан юм.
Түүнчлэн нийт 25 мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үүнээс чих, хамар, хоолойн чиглэлээр 8, эмэгтэйчүүдийн чиглэлээр 5 мэс засал хийсэн байна.
“Энх-Мэнд” үндэсний хөтөлбөр нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, эх, хүүхдийн өвчлөлийг эрт илрүүлэх, шаардлагатай эмчилгээ, мэс заслын тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой юм.



