Б.Пүрэвдагва: Шатахууны нөөц хангалттай үед түгээлтийг саатуулахгүй, олон түгээгүүрээр шуурхай үйлчлэх, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгуулж, наймдугаар сарын 10-наас ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомсдолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл багассан. Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан дээрх шуурхай штаб ажиллаж, мягмар гарагт дундаж хурдыг нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн дундаж хурд 15 км/цаг болсон байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвд хотын дарга Б.Пүрэвдагва болон Шуурхай штабын бүрэлдэхүүн, нийтийн тээвэр, авто зам, тээврийн цагдаагийн албанынхан хуралдлаа. Хотын дарга Б.Пүрэвдагва замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, иргэдийн замд зарцуулах цагийг хэмнэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа, шатахуун түгээлтийн үеийн автомашины оочероос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд түгжрэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нэг болох шатахуун түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор нийслэлээс хяналтын ажлын хэсэг байгуулан, маргааш ажлыг эхлүүл. Нийт 264 шатахуун түгээх станцад хяналт тавина. Шатахуун түгээх станцууд шатахууны нөөц, түгээлтийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх, нөөц хангалттай үед түгээлтийг саатуулахгүй, олон түгээгүүрээр шуурхай үйлчлэх, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх шаардлагатай” гэдгийг онцлов.
Шатахуун түгээх станцуудыг төрийн болон нийслэлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриаллаа.


