ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСЭГ: Гурван жилд давхардсан тоогоор 58 гишүүн ажилласнаас Х.Ганхуяг, Б.Заяабал, П.Мөнхтулга нар жил алгасалгүй багтжээ

Жил бүрийн намар парламент хоёр сар гаруй хугацаанд ирэх оны улсын төсвийг хэлэлцэн батлах том ажилтай тулдаг. Мэдээж хэлэлцүүлгийн үеэр ирэх онд улсын төсвөөс хэдэн төгрөгийг хаана, юунд зарцуулах вэ, орлого зарлагаа хэрхэн тооцов зэрэг асуултын хариултыг Засгийн газар төсвийн төсөлдөө тусгаж, эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг. Харин энэ хоёрын дунд төсвийн төслийг нягталж, хөрөнгө оруулалт, урсгал зардлыг нэмэх, хасах, өөрчлөх санал боловсруулдаг ажлын хэсэг бий.
Төсвийн төслийн хувь заяанд "нөлөөлөх" боломжтой энэ ажлын хэсэгт ямар гишүүд багтдаг вэ. Жил бүр бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг үү, эсвэл тодорхой гишүүд давтан томилогддог уу. Энэ асуултад хариулт өгөх үүднээс бид 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын төсөв дээр байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харьцуулж үзлээ.
2025,2026 оны болон ирэх 2027 оны төсвийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харуулбал,
-Х.Ганхуяг, Б.Заяабал, П.Мөнхтулга нар 2025, 2026, 2027 оны төсвийн ажлын хэсэгт жил алгасалгүй ажилласан байна-
Гурван жилийн хугацаанд төсөв дээр байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг харахад жил алгасалгүй багтсан гурван гишүүн байна. Тодруулбал, энэ нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал, П.Мөнхтулга нар юм. Х.Ганхуягийн хувьд 2026 оны төсвийн ажлын хэсгийг ахалсан бөгөөд бусад хоёр жилд гишүүнээр ажилласан байдаг.
-Гурван жилийн хугацаанд нийт 10 гишүүн төсвийн ажлын хэсэгт хоёр ба түүнээс олон удаа багтсан байна-
Харин Г.Тэмүүлэн, Ж.Алдаржавхлан, Д.Жаргалсайхан, Ж.Батжаргал, Д.Пүрэвдаваа, Х.Жангабыл, Р.Батболд нар тус бүр хоёр удаа багтжээ. Энэ жилийн хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал ирэх оны төсвийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ингэснээр тэрбээр төсвийн ажлын хэсэгт хоёр дахь удаагаа багтсан гишүүн болж буй юм. Харин 45 гишүүн бүгд анх удаа буюу тус бүр нэг удаа багтан орж, ажилласан байна.
Мөн Г.Тэмүүлэнгийн хувьд хоёр ч удаа төсвийн ажлын хэсэгт багтсан ба 2025 онд Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотойгоор шинээр байгуулагдсан ажлын хэсгийг ахалж ажилласан байдаг. Харин 2025 онд буюу 2026 оны төсвийн ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллажээ.


