Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 28 сек
00
MPA43808-1.webp

Шатахууны шуурхай штаб өнөөдөр шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар хуралдав. Улмаар уг хуралдаанаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргасан байна. Мөн зарим шатахуун түгээх станц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Удирдлагаас чиглэл ирээгүй” гэх шалтгаанаар хүлээлгэж байгааг зогсоохыг Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир үүрэг болгожээ. Түүнчлэн Шатахуун түгээх станцуудын удирдлага, ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийг хатуу анхааруулсан аж.

АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, 11 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ

Аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас 36 мянган тонн нь орж ирсэн бөгөөд 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байгааг мэдээллээ. Мөн 16 мянган тонн шатахуун хараахан нийлүүлэгдээгүй байна.

Ирэх арваннэгдүгээр сард шатахууны захиалгын хэмжээ нэмэгдэж, үнэ бага зэрэг буурах төлөвтэй байгааг Б.Мөнхтамир мэдээлэв.

ТӨВ ЗАМ ДАГУУХ 13 ШТС-ЫН ЭЭЛЖ СОЛИХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОНО

Шатахуун түгээх станцуудын ээлж солих үеэр автомашины дараалал нэмэгдэж, замын хөдөлгөөнд ачаалал үүсэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын төв зам дагуух 13 ШТС-ын ээлж солих цагийг 11:00 цаг болгон өөрчлөхийг үүрэг болголоо.

Энэ нь өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй байх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой юм.

ШТС-УУД ШАТАХУУНЫ МЭДЭЭЛЛЭЭ BENZIN.MN ПЛАТФОРМД ЦАГ ТУХАЙД НЬ ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Иргэд шатахуун олгож буй станцуудын байршил, мэдээллийг шуурхай авах боломжтой байх ёстойг Б.Мөнхтамир онцоллоо.

Гэвч зарим аж ахуйн нэгж Benzin.mn платформд мэдээллээ тогтмол шинэчлэхгүй байгааг шүүмжилж, шатахуун олгож буй ШТС-уудын мэдээллийг цаг тухайд нь, үнэн зөв оруулж ажиллахыг хатуу үүрэг болгов.

Шатахууны шуурхай штаб цаашид шатахууны нийлүүлэлт, түгээлтийн зохион байгуулалтад хяналт тавьж, иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх, ШТС-уудын дараалал, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллах юм.