Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НЭМГ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллагын удирдлагатай уулзаж, өвлийн ачаалалд бэлтгэх, тусламж, үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх болон 2027 оны төсөвт тусгах хөрөнгө оруулалтын саналуудыг асуулаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Түргэн тусламжийн төв, Гачуурт, Хонхор, Туул тосгоны Эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 28 байгууллага олон жил болсон эмнэлгийн барилгыг шинэчлэх, засварлах, тохижилт, аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх асуудлыг түлхүү хөндлөө. Түүнчлэн эмнэлгийн үзлэг, оношилгооны хүлээгдлийг бууруулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатайг онцлов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн эрүүл мэнд хотын хамгийн чухал асуудал. Иймд хотын 1.8 сая иргэнд үйлчилдэг 28 эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, шийдвэрлэх асуудлыг сонсож байна. Энэ өвөл эмнэлгийн коридорт ор тавьж, хүүхэд эмчлүүлэхгүй. Иймд ачаалал ихтэй үед 1607 ор нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, 2027 онд яаралтай хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудаасаа эрэмбэлж гаргаж өгөхийг хүсье. 2027 онд дөрвөн эмнэлэг ашиглалтад орно. Хуучин Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг хүүхдийн эмнэлэг болгон шинэчилнэ. Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, нийт эмнэлгийн үзлэгийн цаг авах, шинжилгээ, эмчилгээ үзүүлэхэд шуурхай, хүнд сурталгүй байх асуудлыг зөв зохион байгуулж ажилла” гэлээ.
Уулзалтаар Баянгол, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар хотын дарга Б.Пүрэвдагвыг тус төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, бусад дүүргийн эрүүл мэндийн байгууллага 2027 оны төсөвт яаралтай тусгах асуудлуудаа уламжиллаа.


