Хэрэгт холбогдсон үйлчлэгчээ өмгөөлөхийн тулд гэрч, хохирогч нарыг худал мэдүүлэг өгөхийг ятгасан өмгөөлөгчийн эрхийг хасаж, торгох ял ОНООЖЭЭ

Хэрэгт холбогдсон үйлчлэгчээ өмгөөлөхийн тулд гэрч, хохирогч нарыг худал мэдүүлэг өгөхийг ятгасан өмгөөлөгчид ял ОНООЖЭЭ. Тодруулбал, шүүгдэгч Д нь *** дугаартай эрүүгийн хэргийн оролцогч Ч.О-той өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллахдаа, хэргийн гэрч Г.Т, хохирогч Н.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т заасан “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор ятгах гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Улмаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д-гийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн ч прокурор эсэргүүцэл бичжээ. Тиймээс хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг тодорхойлж өгсөн. Энэ нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд үйлдэл хийснээр төгсдөг. Хохирол, хор уршиг шаардахгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “шүүгдэгч Д.Д-г өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэж өөрчлөн найруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, түүнд оноосон өмгөөлөгчийн эрхийг хоёр жилээр хасаж, 6 сая төгрөгөөр торгосон шийдвэр хэвээр үлдэж байна.


