The MongolZ, BC Game Esports багуудын эхний даваа өнөөдөр эхэлнэ

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 4 сек
00
SSCQb00Yr-XwHjlvb0YBJz.webp

Цахим спортын Counter-Strike 2 төрлийн олон улсын тэмцээнүүд өнөөдөр эхэлж, Монголын “The MongolZ” болон Senzu, mzinho нарын тоглож буй “BC Game Esports” багууд өрсөлдөх гэж байна.

Сербийн Белград хотноо аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд хоёрдугаар зэрэглэлийн “1win Private Club 2” тэмцээн зохион байгуулагдана. Тус тэмцээнд Монголын “The MongolZ”, ОХУ-ын “PARIVISION”, “PRIVATE”, “magic”, Шведийн “Alliance”, Германы “BIG”, Хойд Америкийн “Team Liquid”, Украины “Fnatic” гэсэн найман баг оролцож байна.

Тэмцээн хоёр хожигдсон баг хасагдах журмаар явагдах бөгөөд “The MongolZ” баг өнөөдөр 17:00 цагаас Шведийн “Alliance” багтай Bo3 буюу гурван тоглолтын хоёроос нь түрүүлж хожих журмаар тоглоно.

Хэрэв тэд ялалт байгуулбал Германы “BIG” болон ОХУ-ын “PRIVATE” багийн тоглолтын ялагчтай маргааш 23:00 цагаас шөвгийн дөрөвт шалгарахын төлөө өрсөлдөнө. Харин эхний тоглолтод хожигдсон тохиолдолд тэмцээнд үлдэхийн төлөө доод хүснэгтэд тоглох юм.

Senzu, mzinho нарын баг мөн өнөөдөр тоглоно

Монголын тамирчин Senzu буюу М.Азбаяр, mzinho буюу Б.Аюуш нарын бүрэлдэхүүнд нь багтсан “BC Game Esports” баг Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдах гуравдугаар зэрэглэлийн “DraculaN Season 7” тэмцээнд оролцож байна.

Тэд өнөөдөр 17:00 цагаас В хэсгийн эхний тоглолтоо Сербийн “Drama Esports” багийн эсрэг Bo1 буюу нэг тоглолтоор шийдвэрлэх журмаар хийнэ. Хэсгийн шатанд хоёр хожил байгуулж чадвал шөвгийн 16-д шалгарах юм.