Засгийн газар “Хүүхдийн төлөө сан”-гаас болж талцаж, “Хүүхдийн төлөө фонд” бүтэлгүйтсэний учир

“Хүүхдийн төлөө сан”, “Хүүхдийн төлөө фонд” хэмээх андуурам хоёр сан байгуулагдав. Хүмүүс нэг сан гэж андуурав. Үнэндээ бол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын сонгуулийн өрсөлдөөн эхлэв. Товчхон тайлбарлавал “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Соёлын сайд С.Чулуун нар санаачилсан бол, Засгийн газар “Хүүхдийн төлөө сан”-г байгуулж байгаагаа зарлав. Үйл явдал хэрхэн өрнөж ард түмнийг яаж төөрөгдүүлснийг тайлбарлая.
Соёлын сайд С.Чулуун Засгийн газрынхаа шийдвэрийг сөрж Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт гэдгээ нотоллоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэлээд эртнээс “Хүүхдийн төлөө сан” байгуулах талаар ярьж, хууль журмын дагуу шийдвэрлэх үүргийг албаны хүмүүст өгөөд байжээ. Гэтэл гэнэтхэн энэ санаа хаанаас ч юм хулгайлагдаж улс төрийн гол өрсөлдөгчид нь өөр сэдэл төрүүлэх нь тэр. Ерөнхийлөгчийн “шахаагаар” сайд болсон гэгдэх соёлын сайд С.Чулуун гэнэтхэн “Хүүхдийн төлөө фонд” нэртэй ТББ гаргаад ирэв. Үүсгэн байгуулагч нь түүний дэд сайд М.Батбаяр, Ерөнхийлөгчийн PR-ийн гол хүн гэгдэх “херо” студийн захирал Б.Баатар, Sound of Mongolia-гийн захирал Х.Даминдинсүрэн нар болж таарав.
Ингээд төрийн улс төрийн албан тушаалтан төрийн бус байгууллага байгуулж олон нийтээс хандив хүссэн арга хэмжээ анх удаа боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга “хүүхдийн төлөө фонд”-ын ард байгаа шүү гэдгээ сануулах мэт мэндчилгээ дэвшүүлж, Монгол бичгээр сурталчилгаа хийж, дуудлага худалдаанд бүтээлээ оруулж, Тамгын даргаа илгээж өнөөх нь өдрийн цалингаа хандивлав.
Ерөнхий сайд нь хууль журмын дагуу тусгай сан байгуулахаар ажиллаж байхад соёлын сайд нь эсэргүүцэж байгаа мэт ижил нэртэй төрийн бус байгууллага байгуулж гүйсэн нь МАН-ынханы гайхшралыг баржээ. Товчхондоо соёлын сайд С.Чулуун Засгийн газрынхаа бодлогыг дагахгүй, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрд дэмжлэг үзүүлнэ гэдгээ энэ үйлдлээрээ нотлов.
С.Чулуун одоо хүртэл МАН-ын гишүүн биш бөгөөд элсэх ч бодолгүй байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа. Үүнд нь МАН-ын гишүүд дэмжигчид дургүй явдаг. Харин нэг л өдөр АН-д элсээд орчхож мэднэ гэдгээ Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурийг бэхжүүлэх гэсэн өөрийн санаачлалаараа харуулж байна гэж тусгаар тогтнолын ордноор ярих болжээ.
Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талыг баримтлагч гэдгээс гадна Хятадын талыг баримтлагч гэж сошиал сүлжээгээр ярих болсон. Учир нь тэрбээр Монголын түүхийн хосгүй үнэт архивын баримтуудыг өмнөд хөршид гаргаад өгчихсөн гэдэг.
С.Чулууны энэхүү том толгойлсон үйлдэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд нэлээд эгдүүцэж өнгөрсөн оны сүүлийн хуралдаанаар нэлээд зэмлэж, буруутгасан байна.
Хүүхдийн төлөө сангийн ажлын хэсэгт С.Чулууныг оруулсангүй
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн төлөө сан байгуулах ажлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг өгч ажлын хэсэг байгууллаа. Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарыг оруулсан байна. Холбогдох хууль тогтоомж боловсруулах, санал авах ажиллагаа ХНХЯ-нд төвлөрч хэрэгжээд эхэлжээ. Харин Ерөнхийлөгчийн МАН-дахь төлөөлөгч гэж дуудагдах болсон С.Чулууныг уг ажлын хэсэгтээ оруулсангүй. Угтаа бол соёлын байгууллагуудын үйл ажиллагаа маш олон сувгаар хүүхэдтэй холбогдоно. Удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн барих ба Засгийн газар 10.0 тэрбум төгрөг төсөвлөх шийдвэр гаргаад байна. Мөн авто машины азын дуудлага худалдаанаас төвлөрөх мөнгийг уг санд төвлөрүүлэхээр болсон байна. Жилд авто машины азын дуудлага худалдаанаас 5.0 тэрбум төгрөг төвлөрдөг ажээ. Удахгүй уг хуулийн төсөл УИХ-ын чуулганаар ороход МАН-ын гишүүд С.Чулуун сайдад хаягласан сюрпризээ дэлгэх бололтой.
“Хүүхдийн төлөө фонд” “фээлдэв”
Хэдхэн хоногийн өмнө “Монгол” ТВ улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэдхэн цагийн дотор 500.0 орчим сая төгрөг босгож чадсан. Үүнд хэдэн мянган иргэн аж ахуйн нэгжүүд оролцсон. Харин үүний хажууд хүүхдийн төлөө фонд төдийлөн дэмжлэг авч чадсангүй. Хэдийгээр 2.2 тэрбум төгрөг цугласан гэж байгаа ч энэ хэдхэн үүсвэрээс бүрдэж байгаа юм. Үүнд,
500.0 сая төгрөгийг Монголын төмөр зам,
500.0 сая төгрөгийг ХААН банк,
300.0 сая төгрөгийг Үндэсний соёл амралтын хүрээлэн
100.0 сая төгрөгийг МАКС групп,
300.0 орчим сая төгрөгийг дуудлага худалдаанаас олов.
Ингээд бодоод үзвэл 1.7 орчим тэрбум төгрөгийг цөөн хэдэн газрууд өгөв. Ерөнхийлөгчийн хараа хяналтад байдаг гэгдэх шинэ төмөр замаас 500.0 сая төгрөг татаж байгаа нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Ерөнхийдөө хандив биш шахалтаар мөнгө босгов уу гэж дүгнэж болохоор байгаа юм. Зарим нь хүүхдийн байгууламж, газрыг үнэгүй шахуу авсныхаа төлбөрийг төлж байгаа гэж ойлгогдов. Өөрөөр хэлбэл Улаан загалмайн нийгэмлэг хэдхэн дуучинтай нийлээд цагийн дотор 500 сая төгрөг босгосон бол Ерөнхийлөгчийн баг, соёлын яам, бүх одод, Монгол тулгатнуудтай нийлээд бүтэн оройжин оцгонож байж арай хийн 500 сая төгрөг босгожээ.
энэ тоглолт оройны 18 цагаас шөнийн 03 цаг хүртэл Монголын үндэсний телевиз, UBS, VTV, TV5, TV9, ETV, C1, TV8, StarTV, EduTV, SBN, TMTV гэсэн 12 телевизээр шууд дамжуулав. Эдгээр телевизүүдийн эфирийн төлбөрийг олсон орлогоосоо төлж таарна. Жүжигчдийнхээ хөлсийг төлнө. Ингээд бодоод үзвэл “Хүүхдийн төлөө фонд”-ын эхний санхүүжилт тийм ч гайхамшигтай байсангүй.
Хүүхдийн нэр барьсан хөөрхийлөлтэй улс төрөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ
“Хүүхдийн төлөө фонд” бол ТББ. Засгийн албаны байгууллага биш. Харамсалтай үүнийг төрийн бодлого, үйл ажиллагаа гэж маш олон хүн андуурчээ. Хэдхэн цагийн дотор оволзуулаад, алдартнууд томоохон албан тушаалтнуудыг шахсан уг ажиллагаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын сурталчилгааны эхлэл гэж харагдаж байлаа. Үүнийг нотлох гэсэн мэт хөтлөгч Ш.Гүрбазар хэд хэдэн удаа Х.Баттулгыг рекламдав. Удахгүй энэ ТББ-ын мөнгөний зарцуулалт овоо олон хүнийг элдвээр цоллуулахад хүргэж мэдэх юм. Хандивын аяныг хараад байхад баячууд нь биш эгэл жирийн иргэд нь л мөнгөө шилжүүлэв. Тэдний шилжүүлгийг баячууд нь харж улс төр хийж байгаа нь эмгэнэлтэй.
Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд өрсөлдөх хүмүүс “Хүүхдийн төлөө” гэсэн уриагаар сурталчилгаагаа эхэлж. “Хүүхдийн төлөө фонд” ТББ, “Хүүхдийн төлөө сан” гэсэн төрийн хоёр байгууллага нэгэн зэрэг байгуулагдав. Ард түмэн нэг сан гэж андуурав. Гэвч удахгүй хоёр тусдаа, нэг нь албан ёсны нөгөө нь шоуны сан гэдгийг ойлгож мэдэрсэн цагтаа галзууртлаа сошиалаар улс төржих байх даа. Хэн ашгийг нь хүртэх бол? Мэдээж хүүхдүүдийн нэр барьсан улс төрчид л нэр хүнд олох гэж улайрч байгаа нь коронагийн үед дэндүү увайгүй байна гэж ярих хүмүүс цөөнгүй байна.



