СУДАЛГАА: Хатуу хөл хорионы үеэр иргэдийн 23 хувьд нь амиа хорлох бодол төржээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 44 сек
20
legacy:58233.jpg

30 гаруйхан настай эхнэр нөхөр хоёр буудлын өрөөнд өөрсдийгөө боомилж амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Наймдугаар сарын 23-ны оройны 18.10 минутын орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарсан билээ.

Мөрийтэй тоглоом тоглож 120 гаруй сая төгрөгний өрөнд орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон ба амиа хорлолтын шалтгаан болсон нь тодорхой. Үлдэж хоцорсон гурван хүүхдийнх нь бага нь гурван настай нь бүр ч сэтгэл эмзэглүүлнэ.

Улсын Ерөнхий Прокурорын газраас хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаанд Монгол Улсад жилд дунджаар 400 гаруй хүн амиа хорлож байгааг тогтоожээ. Насны бүлгийн хувьд 29.4 хувь нь 10-25 нас хүртэлх, 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан амиа хорлож байгаа юм.

Залуусын дунд амиа хорлох тохиолдол өндөр байгаа нь дээрх тооноос харагдахаас гадна саяхан болсон элсэлтийн ерөнхий шалгалтын дараа шалгалтад хангалтгүй оноо авсан сурагчид амиа хорлох талаар ам уралдуулан ярьж буй нь цахим орчинд илхэн үзэгдэв.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавирус халдварын үеийн хөл хорио болон бусад асуудлууд хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Сүүлийн хоёр хөл хорионы үе буюу 2020.11.21-27 болон 2021.04.24-05.07-ны хооронд хийсэн судалгаагаар иргэдийн 23,1 хувьд нь хөл хорионы үед амиа хорлох талаар бодол илэрч байсан бөгөөд коронагийн үеийн сэтгэл гутралд орсон иргэдийн 60,9 хувь нь "ингэж явахаар үхсэн нь дээр" гэсэн сонголтыг хийнэ гэдгээ илэрхийлжээ.

Үүнд шалтгаалж буй гол хүчин зүйл нь хөл хорионы үед эрхэлж буй ажил нь зогсож, орлогын эх үүсвэр хаагдсанаас болжээ. Сүх далайтал үхэр амар гэгчээр хүн өөрийнхөө амийг хорлох талаар бодохдоо л бусад хүмүүсийн энэхүү түүхийг судалдаг байна.

Монгол хүн алтан амиа үнэгүйтүүлж байгаа үзүүлэлтээр ДЭЛХИЙД ГУРАВТ жагсдаг. Өрийн дарамт, гэр бүлээс гадуур харилцаа зэрэг нь залуусын дунд амиа хорлох шалтгаан болсоор байна. Зарим хүмүүсийн хувьд нэг удаагийн гадны орноор аялахдаа зарцуулдаг 120 сая төгрөг цэл залуу настай хоёр хүний эрдэнэт амийн үнэтэй байна гэдэг нийгмийн сэтгэл зүй ямар хэмжээгээр дорой байгааг тод харуулж байна.

Б.Амарбаясгалан

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Хүн ямар нэгэн юманд итгэх дуртай. Залуучууд бид залуу учраас Залуучууд олноор элссэн АН-д шүтэх ёстой гэж АН-н дарга нарын хоосон худлаа амлалтанд хууртаж ихэд хохирцгоолоо.Би ч бас мөн адил,Чин үнэнээр нь авч үзвэл залуучууд бидний өөрсдийн буруу,Одоо үсээ зулгааж тархиа шаагаад хууртагдсандаа харамсаад амиа хорломоор бодол мэр сэрхэн төрдөг болсон.Ардчилал гэдэг нь биш заль байжээ. Одоо Элбэгдорж,Батүүл,Сайханбилэг,Баярцогт,Да.Ганболд нар яаж амьдарч байна,тэгэхэд бид ямар байдалд байна,Эднийг дэмжиж жагсаж коммунистуудыг хараан зүхэж 30 жил далбайлаа,нэг мэдсэн чинь 50 хүрэх гэж байдаг,3 хүүхэд сольж өмсөх оймсгүй,эхнэр 30-аад жил хуучин гутал,жинсээр гоёлоо.Хүүхдийн баяраар торт идүүлж чадаагүй ядуу яваагаа жишээд харсан чинь "Ардчилалд" хамгийн үнэнчээр зүтгэж явсан бүгдээрээ талхны мөнгө бие биенээсээ зээлж амьдарсан байна.АН-н хэдэн дарганцарууд гайгүй,зарим нь бүр цойлсон баян тэрбумтан болжээ.Бид 20-иод нөхөд цугларч гашуун нулмис дуслуулан байж бидний хохь гэж дүгнээд тарлаа

  • З
    Зочин

    Төр засаг авилгалд идэгдэж, залуус ажилгүй, орлогогүй болохоор архи ууж, гэр бүл салж, өрөнд орж, ядуурч, ирээдүйд итгэх итгэлээ алдаж байна. Эр эмгүй амиа хорлох нь ихэслээ. Гэвч төр засаг өөрсдөөсөө бурууг зайлуулж, согтуу, өвчтэй, сэтгэцийн эмгэгтэй гэх мэтээр үхсэний хохь болж байна. Бид их л муухай нийгэмд амьдарч байгаа азгүй хүмүүс юм. Хэрэв иргэдээс баруунд очиж амьдрах уу гэж асуувал 99 хувь зөвшөөрөх байх. харин албан тушаалтан, авилгач, дарга нар л үгүй гэх байх. Энэ нь биднийг хэр тааруу амьдарч буйг харуулна.