АУДИТ: ЭЗХЯ Дэлхийн банкнаас 46 сая төгрөгийн санхүүжилт авч Тэрэлжид сургалт зохион байгуулсан гэх боловч тайлангүй байна

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 31 сек
10
legacy:Hurelbaatar gishuun/Khurelee Sumya.jpg

Эдийн засаг, хөгжлийн яамны 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Үүнд:

-44 сая 200 мянган төгрөгийг авто машины обуд, дугуй худалдан авах, засвар үйлчилгээнд болон бусад хөрөнгө бэлтгэхэд зарцуулсан-

Тайлант онд авто машины обуд, дугуй худалдан авах, засвар үйлчилгээнд болон бусад хөрөнгө бэлтгэхэд нийт 44 сая 200 мянган төгрөг үргүй зардал гаргасан байна. Түүнчлэн Магнай трейд ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 сая төгрөгийн түлш шатахуун бэлтгэж, 7.3 сая төгрөгийн шатахууны нөөц үүсгэсэн байна.

-Томилолтын баримтын бүрдэл дутуу 39 сая 411 мянган төгрөгийн ажлыг бүртгэсэн-

Тайлант онд анхан шатны баримтын бүрдэл дутуу нийт 41 сая 333 мянган төгрөгийн ажил гүйлгээг бүртгэсэн байна. Тухайлбал: Томилолтын баримтын бүрдэл дутуу 39 сая 411 мянган төгрөг, ибаримтгүй 1.9 сая төгрөг, Стийл Порект ХХК-тай байгуулсан гэрээнд ажил гүйцэтгэх хугацаа тусгаагүй гэрээ дүгнэсэн акт байхгүй 19 сая 705 мянган төгрөг байна.

-Дэлхийн банкнаас 46 сая гаруй төгрөгийн санхүүжилт авч, Тэрэлжид сургалт зохион байгуулсан боловч сургалт хэлэлцүүлгийн тайлан байхгүй-

Дэлхийн банкнаас 15,000.0 доллар буюу 46 сая 875 мянган төгрөгийн санхүүжилт авч "Хөгжлийн бодлого боловсруулалт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах нь" сэдвийн хүрээнд байгууллагын бүх ажилчдыг хамруулан 6 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Тэрэлжид сургалт зохион байгуулсан боловч сургалт хэлэлцүүлгийн талаарх тайлан байхгүй, анхан шатны баримтыг нөхөн бүрдүүлсэн байна.

-Автомашинуудын бензин зарцуулалт, ашиглалтад тавих хяналт сул-

Шатахуун, тос тослох материалын зарлагын гүйлгээний анхан шатны баримт бүрдэл хангалтгүй байна. Үүнд:

-Жолоочийн тооцооны хуудаст машины дугаар, явсан албан тушаалтны нэр бичээгүй, гарын үсэг зураагүй; Автомашинуудын бензин зарцуулалт, ашиглалтад тавих хяналт сул. Сар бүрийн жолоочийн тооцооны хуудасны ирсэн явсан цагийн бүртгэлгүй, шатахууны зарцуулалтад нягтлан бодогчийн зүгээс хяналт хангалтгүй, зарим автомашины жолоочийн тооцооны хуудас хөтлөгдөөгүй байна.