ТОДРУУЛГА: Улсын эмнэлэгт цаг аваад очоогүй бол дараагийн удаа тухайн эмнэлгээр үйлчлүүлэхдээ 20 мянган төгрөг төлнө. Торгууль биш

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 24 сек
10
legacy:2025/05/NewFolder/emneleg.jpg

“Цахим орчинд улсын эмнэлэгт цаг авсан иргэд тухайн цагтаа очоогүй бол 20 мянган төгрөгөөр торгоно” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас тодруулга мэдээлэл авлаа. Тодруулбал,

"ЭМДҮЗ-ийн тогтоолын өөрчлөлт 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тогтоолын өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхээр цаг захиалсан ч очихгүй бол дараагийн удаа тухайн эмнэлэгт үзүүлэхдээ 20 мянган төгрөг төлнө гэх зохицуулалт орсон. Энэ нь торгууль гэхээсээ илүүтэй иргэдийг хариуцлагажуулах зорилготой.

Учир нь эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь ирж үзүүлдэггүй байна. Эрүүл мэндийн байгууллагад үзлэгийн цаг захиална гэдэг нь ганцхан тухайн иргэнтэй холбоотой асуудал биш бөгөөд үүний ард тухайн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа цаашлаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэдэд ч чирэгдэл үүсгэж байгаа юм.

Мөн тухайн иргэн эмнэлэгт үзүүлэх цагтаа очиж тусламж, үйлчилгээгээ авдаг бол давтан үзүүлэхдээ 20 мянган төгрөг төлөх шаардлагагүй. Тиймээс энэ нь торгууль гэхээсээ илүүтэй иргэний хариуцлагатай холбоотой юм. Бас энэ нь зөвхөн тухайн эмнэлэгт хамаарна.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаас үзлэгийн цаг захиалсан иргэнтэй эргэх холбоотой ажиллах буюу цаг авсан иргэн рүү холбогдож, үзлэгтээ ирэх боломжтой эсэхийг тодруулж, цагаа цуцлах боломжит нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Эрүүл мэндийн байгууллагаас иргэнийг цагтаа ирэх боломжтой эсэхийг лавлаж асуусан хэдий ч цагтаа очоогүй тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллага дараагийн удаа тухайн иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ 20 мянган төгрөг авна. Ингэхдээ иргэнээс 20 мянган төгрөгөө ямар бүртгэлээр, яаж авах зохицуулалтаа эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хийнэ. Эрүүл мэндийн даатгалаас тухайн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг 100 хувь бүрэн олгох бөгөөд ямар нэгэн хасалт хийхгүй" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өвчтэй хүний хувьд түргэн шуурхай үзүүлэх боломжгүй цаг алдсан хэцүү л юм билээ 1990 онд эхо имрайд харж зугаа тайлж үнэн зөв тайлбарлаж чадах байдал яг энэ цаг үед 15 жилдээ бас л муу байх юм байна аа Одоо шинэ залуу боловсон хүчин ажлын байр эзэлжээ Чадахгүй байна аа Олж харахгүй ,дэлгэцэн дээрх зургаа ойлгохгүй байгаа бололтой