ТАНИЛЦ: 2028 оны сонгуульд намаа авч орох ГЕНСЕКҮҮД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 30 секунд

УИХ-д суудалтай намуудын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж, хэрхэн эв нэгдэлтэй, зөв бодлогоор оролцож одоогийн суудлын тоогоо нэмэгдүүлэх вэ гэсэн асуудал өмнө нь ирсэн. Үүнд намын даргаас гадна хамгийн хариуцлага үүрч, гал тогоог барьдаг хүн бол ГЕНСЕК буюу Ерөнхий нарийн бичгийн дарга нар байдаг.

Тэгвэл ирэх 2028 оны УИХ-ын сонгуульд намаа авч орох Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг онцолж байна.

МАН- Я.Содбаатар

Тэрбээр 2024 оны долоодугаар сарын 2-нд МАН-ын Бага хурлын V хуралдаанаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байв. Үүнээс хойш МАН-ын 31 дэх Их хурлаас байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаан 2025 оны 11-р сарын 18-нд болж Я.Содбаатарыг Ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонгосон юм.

Я.Содбаатар 2012, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2018-2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан бол 2021-2024 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдон ажилласан бөгөөд улс төрийн хүрээнд У.Хүрэлсүхийн хүн гэгддэг.

Харин түүний хувьд өнгөрсөн намраас хойш гүнзгий хуваагдалд орсон намаа сонгуулиас өмнө эвлүүлж, гурав дараалсан ялалтыг үргэлжлүүлж чадах эсэх хүндхэн даалгавартай тулгарч байна.

АН – С.Баярцогт

Эрх баригч МАН-ын мөнхийн өрсөлдөгч АН-ын генсекээр Сангажавын Баярцогт ҮБХ-ны гишүүдийн 66 хувийн саналаар сонгогдсон. Тэрбээр намынхаа гурав дараалсан ялагдлын эсрэг намын дарга О.Цогтгэрэлдээ дэм болж, олон фракцынхаа эв нэгдэл, тэгш боломжийг хангах үүргийг хүлээгээд буй. Учир нь 2016, 2020, 2024 онд Ардчилсан нам дараалж ялагдсан гол шалтгаан эв нэгдэлгүй байдал байсныг тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.

Түүний улс төрийн туршлага арвин бөгөөд 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын депутат, 1996, 2004, 2008, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож мөн 1998 онд Байгаль орчны сайд, 2008 онд Сангийн сайдаар томилогдон ажиллаж байв.

ХҮН нам – Д.Гантулга

Улс төрийн гуравдагч хүчин гэгдэж буй ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Доноровын Гантулга ажиллаж буй. 2025 оны 12-р сарын 13-нд тус намын ээлжит VIII Их хурал болж, 97 хувийн саналаар Д.Гантулгыг Ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгосон байдаг.

Тэрбээр 2020-2024 онд БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан бол 2024 онд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр ажиллаж байв. Харин Г.Занданшатарын хамтарсан Засгийн газарт Боловсролын дэд сайдаар ажилласан.

ИЗНН – Ч.Мөнхжаргал

УИХ-д суудалтай дөрөв дэх нам болох Иргэний зориг, ногоон намын гал тогоог Ч.Мөнхжаргал хариуцаж байна.

МАН хоёр хуваагдсан шиг ИЗНН-ын хоёр хуваагдал ч ил болсон. Өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд Б.Батбаатарын тал баярын хурлаа хийж байхад УИХ-ын гишүүн Р.Батболдын тал нь Онц Их хурлаа хийж намын даргаараа Р.Батболдыг, ЕНБД-аар С.Батбаатарыг сонгосон юм. Энэ тогтоолоо Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгөөд буй ч одоогоор эцэслэгдээгүй.

Харин нөгөө тал дахь ИЗНН-ын дарга Б.Батбаатарын тал дээрх Онц Их хурлын шийдвэр, тогтоолыг хууль бус гэж үзэн, хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн.

Үндэсний эвсэл - М.Төмөр

Нийслэлийн "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Мөнхтамгын Төмөр Үндэсний эвслийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаярын тэргүүлдэг тус эвсэл 2024 оны 1-р сарын 29-нд байгуулагдсан. М.Төмөр 2024 оны УИХ-ын сонгуульд тус эвслийн жагсаалтын 25 дугаарт бичигдэж байжээ.

“Чимээтэй номын сан“ татварын дарамтын улмаас хаалгаа барьжээ
“Чимээтэй номын сан“ татварын дарамтын улмаас хаалгаа барьжээ
 
Х.Булгантуяа, Х.Баттулга нараар ахлуулсан “НАГОЯА 2026” Азийн ХХ их наадамд оролцох баг тамирчдыг эхнээс нь зарлаж эхэллээ
Х.Булгантуяа, Х.Баттулга нараар ахлуулсан “НАГОЯА 2026” Азийн ХХ их наадамд оролцох баг тамирчдыг эхнээс нь зарлаж эхэллээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!