
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан нийслэлчүүдийн тоггүй, халаалтгүй хүндхэн өдрүүдийг үдэж байна. Үүссэн нөхцөл байдлыг, эрчим хүчний том төслүүдээ гацааснаас үүдэлтэй хэмээн үзэж, эрчим хүчний томоохон төслүүд амжилттай хэрэгжиж ашиглалтад орсон бол ТЭЦ-3, 4-ийнхөө зовлонгоос "нимгэлж" 2000 мВт орчим эрчим хүч үйлдвэрлэх байсан гэж учир мэдэх хүмүүс онцолж буй.
Мөн Ц.Даваасүрэн гишүүнийг сайд байхдаа Эрчим хүчний сайд байхдаа эрчим хүчний том төслүүдийг зогсоосон гэж салбарынхан болон Ерөнхий сайд асан С.Баяр онцолсон байдаг. Үүнтэй холбоотойгоор Ц.Даваасүрэн "Станц барихыг эсэргүүцсэн баримт гаргаад ирвэл ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. УИХ-ын гишүүний ажлаа өгье" гэж өчигдөр хэлсэн.
Хариуд нь Ерөнхий сайд асан С.Баяр Шивээ-Овоогийн цахилгаан станцыг зогсоосон тухай Ц.Даваасүрэн сайдын гарын үсэгтэй баримтыг твиттер хуудаснаа жиргэлээ.
Тэрбээр, "Ц.Даваасүрэн баримт нэхээд байх шиг. Эл баримт ихийг өгүүлнэ. Тэр жил Лондонд дараагийн элчин сайдтай ажил ярьж байгаад үзсэн. Утсаа ухсаар олов. Энд дурдсан олон ЦС-аас 1 ч одоо үгүй. Бүтээгүй олон төслөөр шалтаглан өөр төсөл унагадаг шалгарсан арга гэлтэй. Хэн хожив, хэн хохиров" гэжээ.
Түүний дэлгэсэн баримтад, "Уг уулзалтаар Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, Эрчим хүчний хэрэглээний таац, төлөвлөлтөд уг цахилгаан станцыг барьж ашиглах талаар тусгагдаагүй, Тавантолгойн ЦС, Багануурын ЦС зэрэг төслүүд эхэлсэн байна. Шивээ овоогийн уурхайг түшиглэн БНХАУ-тай хамтран экспортын ЦС барих талаар судалгаа хийж байгаа талаар дурдаад дээрх төслүүд хэрэгжсэн нөхцөлд Шивээ овоогийн 750n МВт-ын чадалтай цахилгаан станцын төслийг одоогоор эхлүүлэх боломжгүй байгааг мэдэгдэж байсан" гэжээ.

Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!