Vape томорч янжуур ГОЛОГДОЖ байна

-Тамхи хэр зарагдаж байна
-Гүйлгээ тааруу байна, танайх ямархуу байна, ширхэглэж байгаа юм уу, уг нь хайрцагнаасаа илүү гүйлгээтэй дээ?
-Танайхтай л адилхан байна даа. Хүн харж байгаад л нууцаар зарах юм. Цагдаад хураалгавал баларна...гэж нэгэн ТҮЦ-д худалдагчид хоорондоо ийнхүү ярилцах нь сонсогдов. Хотын төвд, хөл хөдөлгөөн ихтэй газар байрладаг атал ийн орлого тааруу байгаа тухайгаа зэргэлдээх ТҮЦ-ний найзтайгаа жаргал зовлонгоо хуваалцаж байгаа нь энэ. Монголчууд тамхинаас гарсан юм уу гэвэл үгүй. Анзаарвал вэйп буюу цахилгаан тамхины сүүдэрт янжуур дарагджээ. Сүүлийн үед “ширхэгийн тамхи байна уу” гэж сураглах хүмүүс тоотой хэдхэн байгаа нь над захын ТҮЦ-ээр ороход л мэдэгднэ. Янжуур моодноос гарчээ. Харин бидний мэдэх вэйп буюу цахилгаан тамхины хэрэглээ олон нийтийн дунд “соёл” болтлоо түглээ. Гудамж талбай, гэр, машин, баар караокед тамхинаас илүү вэйп гартаа барьсан залуус нийтлэг. Хэрэглэдэггүй хүн бидний эргэн тойронд ховор. Янжуур шиг эхүүн, хурц үнэргүй бас мөнгөнд хэмнэлттэй гэх утгаараа хэрэглээ болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харьцуулахад, нэг хайрцаг тамхи дунджаар 5500 төгрөг бол нэг удаагийн гэж нэрлэж болохоор 300-500 удаагийн соролттой вэйп /Vape/ хамгийн хямд нь 15 мянган төгрөгөөс эхэлж буй. Нэг хайрцаг тамхи хэрэглээнээсээ хамаарч өдөртөө дуусах аль эсвэл 2-4 хонох бол Vape багадаа гурав хоног, түүнээс дээш нэг сар хүртэл хэрэглэж болохоор. Энэ тухай залуус “Янжуураас илүү Vape удаан хэрэглээтэй, хэмнэлттэй” гэдэгт санал нэг байлаа.
КЭЙС:
“15 жил тамхи татсан. Нэг хайрцаг өдөртөө дуусдаг. Заримдаа хоёр өдөр болно. Ажил ихтэй үед илүү их тамхи татдаг. Сүүлд Vape сонирхож авсан нь таалагдаж байгаа. Тамхинаас илүү хэрэглэхэд цэвэрхэн юм билээ. Нэг ширхэг тамхи татахад таван минут болдог байх.Vapе бол гурав, дөрвөн удаа сороход л хангалттай байдаг нь давуу санагдаж байгаа. Бас тамхитай харьцуулахад бага мөнгө үрнэ. Өмнө нь вэйп үнэтэй тамхи хямдхан гэж боддог байсан. Хэрэглэхэд тамхинаас ч хямд байгаа юм. 25 мянган төгрөгөөр 500 соролттой вэйп надад нэг хайрцаг тамхинаас ч илүү удах байх” /32 настай эрэгтэй А-гийн ярианаас /
“Тамхи татдаг хүмүүс үр бүтээмжгүй ажилладаг, ажлын цагаас хороодог гэдгийг өмнө нь уншиж, бас сонсоод худлаа гэж боддог байсан. Миний хувьд өдөрт 2-3 удаа ажлын дундуур гарч тамхи татдаг. Үүнийгээ байх л ёстой зүйл гэж эндүүрсэн. Vape хэрэглэснээс хойш ажлын дундуур гарч тамхи татах цагаа тухайн ажилдаа ашигладаг болсон. Өдөрт олон дахин гадаа гарч тамхи татах нь цаг хороодог, бусдадаа ч төвөг уддаг байсан юм шиг санагдах болсон. Янжуураас гарсан” / 29 настай эмэгтэй Г-ийн ярианаас /
“Амралт зугаалга болон гадуур найзуудтайгаа уулзаж суухад вэйп татах нь тамхинаас илүү амар санагддаг. Бас мөнгөнд хэмнэлттэй. Нэг хайрцаг тамхи 6000 төгрөгөөр авч хоёр хоногийн дотор дуусдаг байсан. Харин 19 мянган төгрөгөөр авсан Vape нэг сар болох гэж байна” /31 настай Ц эмэгтэй/
Энэ мэтчилэн бидний эргэн тойронд вэйп татдаггүй хүн цөөн болж янжуур сонин биш болжээ. Жилээс жилд янжуур мартагдаж байгаа нь хамгийн багадаа 170 тэрбум төгрөг эргэлддэг уг зах зээл агшиж эсрэгээрээ Vape томрох дүр зураг ч байна. Статистик мэдээллээр энэ оны хоёрдугаар сард янжуур тамхины импорт сүүлийн хоёр жилтэй харьцуулахад 23 хувиар буурсан нь сүүлийн 30 жилд тохиолдоогүй янжуур тамхины уналт болж байна. Манай улс 2022 онд 3.5 тэрбум ширхэг, 2023 оны наймдугаар сарын байдлаар 2.2 ширхэг тэрбум тамхи экспортолсон байна. Импорт буурахад электрон тамхины хэрэглээг голлон нөлөөлжээ.



