Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж тэргүүтэй АН-ын шинэ үеийн төлөөллүүд ах нараа АН-аас бүр мөсөн түлхэж гаргах бодлого барьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 36 секунд

Сонгуулийн нэр дэвшүүлэлтийн өдөр ойртох тусам намууд дунд хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Тойрогт дэвших эрхээ авахын тулд нэг хэсэг нь гүйж байгаа бол жагсаалт гэх амархан “боорцог”-ийг хүртэхээр багагүй төлөөллүүд хөөцөлдөж явна. Эрх баригчдын зүгээс жагсаалтад сайдуудыг, улиг болсон ах нараа оруулахгүй гэдгээ зарласан. Тэд аль болох нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангасан жагсаалтыг иргэдэд танилцуулна гэдэг амлалт өгөөд буй. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр АН-ынхан парламентад олон сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан намын гишүүдийг жагсаалтад орохгүйгээр тойрогт дэвшихийг уриаллаа.

О.Цогтгэрэл тэргүүтэй бүлгийн гишүүдийн зүгээс энэ уриалга нь залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих агуулгаараа зөв харагдаж байгаа ч ардах улс төрийн ньюансаараа дахиад өөр нэг санаа агуулж буй юм.

Тодруулбал, тойрогт МАН-тай тулахаас зугтаж, жагсаалтын эхний 20 байрыг мөрөөдөж яваа ах нартаа үзүүлж буй нэг төрлийн шахалт юм. Намын дарга Лу.Гантөмөрийн хувьд энэ мэдэгдлийг дотроо 100 хувь алга ташин хүлээж авч буй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

Сүүлийн хэд хэдэн судалгаануудаа намууд хийсэн. Уг судалгаагаар хуучин хүмүүсийн ихэнх нь рейтинг тааруу гарсан гэх мэдээлэл бий. С.Баярцогт, С.Эрдэнэ, З.Энхболд, Да.Ганболд тэргүүтэй улстөрчид бараг ихэнх нь жагсаалтын гайгүй байрыг сонирхож байгаа нь лавтай. Тэр ч байтугай аль ч бүсэд нүүртэй яваа Н.Алтанхуяг хүртэл тойрогт явах эсэх нь саяхныг хүртэл шийдээгүй байсан. Мэдээж хэн ч тойрогт очиж шороо манаргаж, азаа үзэхийг хүсэхгүй. Жагсаалтад төлөх ёстойгоо төлөөд орчихвол бие амар. Сэтгэл тайван. Магадгүй эхний 15 байранд нэрээ бичүүлчихвэл гишүүн болох магадлал нь аль ч намд өндөр гэлцэж буй. Өөрөөр хэлбэл, МАН дотор саяхан өрнөөд дуусах шатандаа дөхөж яваа үе хоорондын асуудал АН-д энэ өдрүүдэд үүсээд эхэллээ. Энэ цаг үед О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Ганибал, С.Одонтуяа зэрэг гишүүдээс бүрдсэн “Нэг Монгол”, нөгөө талд нь Б.Пүрэвдорж тэргүүтэй өөр нэг фракц АН-ын ҮБХ-ны гол суурийг бүрдүүлж байгаа. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын фракц сүр нь их ч сүүдэр нь жижиг. Энэ хүчтэй суурь нэгэнт жагсаалтын талаар ингэж шийдэж байгаа бол нэр дэвшүүлэлтийн үйл явцад АН-ын ах нар жагсаалтад олноороо орох боломжгүй болно гэсэн үг. Уриалга гаргасны дагуу бүгдийг нь тойрогт өрсөлдүүлэхээр шахах болно. Мэдээж тойргоос зугтаж байгаа нь ялах магадлал хэцүүхэн учраас жагсаалтыг бараадаж буй хэрэг.

Харин тойрогт очоод ялагдвал АН-ын байтугай Монголын улс төрөөс бараг л тэр чигтээ гарах визээ даруулах байх. Ихэнх нь 2020 оны сонгуульд тойрогт нэр дэвшээд ялагдсан. Энэ удаад дахиад ялагдвал улс төрийн албан тушаалын хувьд горьдох юмгүй хоцорно. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ үеийн төлөөлөл болсон 70-аад оны сүүл үеийн залуус намаа 50, 60 оны төлөөллүүдээсээ бүр мөсөн авахаар зориг шулууджээ.

Тиймээс энэ долоо хоногт гаргасан АН-ын бүлгийн уриалга нь нэг талаасаа жагсаалтынхаа нэрсийг муу нэр, луу данстай ах нараасаа салгаж авах явдал. Нөгөө талаараа шинэ үеийн залуус нь хууччуулаа нэг мөр улс төрийн тавцангаас түлхэж гаргах бодлого гэж хэлж болохоор байна. Мэдээж энэ бол зөв бодлого. АН-ынхан өнгөрсөн 30 жилд үеэ сольж чадахгүй өнөөдрийн бүх зовлонгоо үүсгэсэн. Одоо дунд үе нь ийнхүү тоглоомын дүрмийг өөрчилж, эрх мэдлийг гартаа авах цаг нь болсон.

МУГТ М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
МУГТ М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.