ХУУЛЬ: Э.Насанбат хуурамч дипломтой нь шүүхээр тогтоогдвол нэг жил хүртэл зорчих эрхээ хязгаарлуулж, нийтийн албанд ажиллах эрхээ гурван жилээр хасуулна

Увсын МАН-ынхан Чойжоогийнх, Ч.Хүрэлбаатарынх гэж хоёр хуваагдаад, Б.Чойжилсүрэнгийн талынхан АН-ынхантай нийлж Засаг дарга Э.Насанбатыгаа огцруулсан. Э.Насанбат нь Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ гэх асуудалд холбогдож, энэ нь урьдчилсан байдлаар тогтоогдсон ч хууль хяналтынхан эцэслэх учиртай.
Тус аймгийн ИТХ-аас Засаг даргыг огцруулсан тогтоолоо Ерөнхий сайдад уламжлахаар болсон бөгөөд одоогоор эцэслэгдээгүй байгаа юм.
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчих, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно" гэж заасан.
Хэрэв энэ заалтыг зөрчвөл "Төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална" гэж хуульчилжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 23.2-т "Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,
хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэжээ.


