АЙЛЧЛАЛ: Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгалаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 1 сек
00
legacy:niislel nyambaatar/ГЭРЭЭ СУН 2.jpg

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцож, дараах тохиролцоонд хүрэв.

legacy:niislel nyambaatar/ГЭРЭЭ СУН 1.jpg

Тухайлбал, монголын англи хэлний багш нарыг мэргэшил дээшлүүлж, чадавхжуулах мэргэжлийн төвийг Улаанбаатар хотноо нээхээр тохиролцов. Түүнчлэн Монгол Улс, АНУ-ын Эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцохоор болов.

legacy:niislel nyambaatar/ГЭРЭЭ СУН.jpg

Мөн 2020 онд байгуулсан Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад 8 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.