БАЙР СУУРЬ: Төрийн тэргүүн хүртэл нэр холбогдсон "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалд тэд ЮУ ХЭЛЭВ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 5 мин 13 сек
20
799780be-e08e-4159-bb3d-a1e1d2215491.webp

Өнгөрсөн бямба гарагт Хотын дарга асан Х.Нямбаатар ээлжит лайвынхаа үеэр "Бодь"-ийн гэх тодотголтой оффтейк гэрээнүүд болон 110 сая ам.долларын авлигын асуудлыг хөндсөн нь ойрын өдрүүдийн онцлох сэдэв болж байна. Тодруулбал, "Бодь интернэйшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар, МАН-ын генсек Я.Содбаатараар дамжуулж МАН-ын сонгуулийн үйл ажиллагаанд 22 сая ам.доллар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 15 сая ам.доллар, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалд 15 сая ам.доллар, одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий дөрвөн хүнд 10 сая ам.долларыг авлигын зориулалтаар өгсөн гэх мэдээллийг дэлгэсэн.

Улмаар өчигдөр сөрөг хүчин АН-ын бүлгээс дээрх албан тушаалтнуудыг ажлаа өгч хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж, оффтейк гэрээнүүдийг ил болгох Хянан шалгах түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Мөн үүнээс гадна улс төрийн хүрээнд цөөнгүй хүмүүс хувийн байр сууриа илэрхийлсэн юм. Эдгээрээс зарим онцлох байр сууриудыг хүргэж байна.

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн сонсголд хамгийн түрүүнд ирэх ёстой

MPA43018.webp

Дээр дурдсан асуудлын гол дүрүүдийн нэг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "А.Амундрагийн стори нотлох баримт юм уу. Би тэр хүнтэй нүүр тулж уулзаж үзээгүй. Голомт банк руу орох нь битгий хэл, надад Голомт банкны данс байхгүй. Хүмүүсийн мэдүүлгийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр гаргах хэрэгтэй. А.Амундраг монголд ирсэн гэж сонссон. Одоо хууль хяналтынхан ажлаа хийх ёстой.

Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн сонсголд хамгийн түрүүнд ирэх ёстой. "Бодь интернэйшнл"-тэй байгуулсан найман оффтейк гэрээний зургааг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулсан. Тиймээс хамгийн түрүүнд дуудагдах хүмүүсийн нэг нь.

Х.Нямбаатар бол Эх оронгүй болсон хүн. Их завтай, хүн хүний зураг цуглуулж худлаа яриад байна" гэсэн.

Д.Мөнх-Эрдэнэ: Х.Нямбаатар өөрөө "Бодь"-той 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан

1O8A0468-1.webp

Авлига авсан гэх хүмүүсийн дунд нэр нь бичигдээд буй ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ цахим хуудаснаа "Х.Нямбаатар бол 2016-2026 оны 5 сар хүртэлх 10 жилийн хугацаанд Монголын улс төрд хамгийн нөлөөтэй байсан 10 улстөрчийн нэг. Өөрийнх нь яриад байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж эхлэн, ашиглалтад орсон 2020-2023 оны үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Мөн 2023 оны 10 сард Хотын дарга болоод өнөөдөр гэнэт ухаарсан мэт буруутгаад байгаа "Бодь" компанитай түмэнд ил байгаагаар лав 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.

Тус компанийн захирлын дэргэд нь шахуу ажиллаж байсан Т.Даваадалай гэж нам, улс төрд хэн ч танихгүй залууг гэнэт Хотын намын хорооноос нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж, дэд бүтэц, төсөв, санхүү хариуцсан өөрийн орлогчоор томилсон. Өнөөдөр түүний дэмжсэн, хамтарсан ойр тойрныхон нь үндэслэлгүй хөрөнгөжиж, авлигын хэрэгт шалгагдан, эхнээсээ шүүхэд шилжиж байна" гэв.

Б.Жаргалан: 110 сая ам.долларыг Монголын нийт иргэдэд тэнцүү хуваавал нэг иргэнд 110 мянган төгрөг ногдоно

IMG_4215-1.webp

УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Монгол Ардын Намын шинэ, хуучин дарга нар тэрбум тэрбумаар, сүүлдээ бүр их наядаар хэмжигдэх мөнгөн дүн бүхий авлигын хэрэг ярьдаг болсон.

Энэ тоонуудыг бид өдөр бүр сонссоор байгаад цаана нь ямар их хэмжээний мөнгө яригдаж байгааг ч баримжаалахаа больжээ.

"Бодь"-той холбоотой асуудалд дурдагдаж буй 110 сая ам.доллар гэдэг бол бараг 400 тэрбум төгрөг. Монголын нийт иргэдэд тэнцүү хуваавал хүн бүрд 110 мянган төгрөг ногдох хэмжээний мөнгө. Энэ нь 2026 онд Эрдэнэс Тавантолгойгоос 1072 хувьцаатай иргэнд олгохоор шийдвэрлэсэн 63,242 төгрөгийн ногдол ашгаас бараг хоёр дахин их дүн юм.

Ийм онц ноцтой асуудал яригдаж байхад эрх баригчид улс төрийн мэдэгдэл хийж, бие бие рүүгээ буруугаа чихээд өнгөрч болохгүй. Мөнгө хаашаа шилжсэн, хэнд очсон, юунд зарцуулагдсаныг баримтаар тогтоох ёстой.

Тиймээс энэ хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх боломжгүй нөхцөлд шалгуулахыг шаардаж байна. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Албан тушаал хариуцлагаас хамгаалах халхавч байж болохгүй" хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлэв.

Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгч "Бодь"-ийн асуудалтай нэр холбогдсон нь үнэн бол Монгол Улс тусгаар тогтносон улс биш юм биш үү

ubn-v2-media-me4_0k7o-1.webp

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "АТГ гэж яг байна уу. Дарга нь амьд уу. "Бодь"-ийн асуудалд нэр холбогдсон бүх хүн шалгуулах хэрэгтэй. Монголын төрөөс МАН-ыг огцруулахгүй бол юу ч шийдэгдэхгүй. МАН өнөөдрийг хүртэл хийсэн зүйлийнхээ үйлийн үрийг үүрэх ёстой.

АТГ-ын даргын ажлыг З.Дашдаваагаас бусад нь хийж байна. Үүнээс илүү бэлэн гэмт хэрэг, бэлэн хоол гэж хаана байх юм бэ. Ажлаа хий л дээ. АТГ гэж яг байна уу, дарга нь амьд уу. Монголчууд бүгдээрээ энийг асууж байна.

Ерөнхийлөгч "Бодь"-ийн асуудалтай нэр холбогдсон нь үнэн бол Монгол Улс тусгаар тогтносон улс биш юм биш үү. Төрийн тэргүүнээсээ эхлээд БАРЬЦААЛАГДСАН юм биш үү. Энийг шалгаж тогтоох ёстой. Би Ерөнхийлөгчид итгэж байна. Хамгийн их шударга ёс, ёс зүй ярьдаг хүн" гэв.

Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгчөөс эхлээд Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс огцроод шалгуул. АТГ, УЕП ажлаа хий

ubn-v2-media-_pchlznz-1.webp

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө огцрох өргөдлөө өгөөд АТГ-т шалгуулчих. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байж ингэж талцуулах хэрэггүй. УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан, МАН-ын Нийслэлийн намын дарга байсан хүн, амьд гэрч ноцтой авлигын гэмт хэргийн тухай гэрчиллээ.

Ерөнхийлөгчөөс эхлээд Б.Энхбаяр бас огцроод шалгуул. Х.Нямбаатар, А.Амундра нарыг ч бариад ир ээ. Бодь группийг бас шалгах ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа АТГ, УЕП ажлаа хий" гэв.

О.Цогтгэрэл: Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон авлигад холбогдсон сайд, албан тушаалтнууд ажлаа өгч шалгуулахыг Ардчилсан намаас шаардаж байна

ubn-v2-media-3jn31e_0-2.webp

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Хулгайд нэр холбогдсон бүх албан тушаалтан ажлаа өгч шалгуулахыг шаардаж, бүх оффтейк гэрээг ил болгуулахын тулд Хянан шалгах түр хороо байгуулна" гэж мэдэгдсэн. Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон авлигад холбогдсон сайд, албан тушаалтнууд ажлаа өгч шалгуулахыг Ардчилсан намаас шаардаж байна. Хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчид импичмент хийнэ. Ард түмэнтэйгээ талбайд гарна" гэв.

Ж.Бат-Эрдэнэ: Хянан шалгах түр хороо байгуулах ажил одоо эрчимжих байх

MPA PHOTO 2026-1-1651.webp

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ "Асуудал Х.Нямбаатартаа ч биш, "Бодь"-ийн асуудлыг дахин харах хэрэгтэй. Нүүрсний сонсгол дээр ашиглаж байсан материалуудаа дахин татаж авч хуулийн байгууллагууд шалгах ёстой. Хянан шалгах түр хороо байгуулахаар Д.Пүрэвдаваа гишүүний албан бланк дээр гарын үсэг цуглуулж байгаа нь одоо илүү эрчимжих байх.

Өмнө нь Түр хорооны үеэр "Бодь" яагаад өр төлбөртэй компани мөртлөө төмөр зам тавихаар болж нүүрс урьдчилж борлуулах давуу эрх эдлэв гэдэг асуудал анхнаасаа буруу гэж яригдсан" гэв.