“ТОГОО БАРИХ“ ҮЙЛЧИЛГЭЭ: Цагаан сараар үйлчилсэн хүмүүс оройдоо цүнх, халаасаа шалгуулдаг болохоор үл итгэх, хардах байдал үүсэхгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 5 мин 31 сек
70
legacy:2026/01/MADURO/uuts/ee9fa4b72d23478a80e48b4eb7596c8f.jpg

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Аав ээж, ахмад буурлууд, ах дүүс, үр хүүхдүүдээрээ уулзан золгодог ураг төрлийн энэ баяраар хамгийн их ачаалал авч, хүний хөлд "дарагддаг" хүмүүс бол ахмадууд. Тэр ч утгаараа ирсэн зочдыг дайлж, "тогоо барих" хүний эрэлд гардаг. Үр, ач олонтой ахмадуудад асуудал биш ч. Хүүхдүүд нь гадаадад байдаг, монголд байсан ч зав, боломж нь таардаггүй ахмадууд өөрсдөө үйлчилгээнд зогсохоос өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдсэн Цагаан сараар тогоо барих үйлчилгээг “Happyflowers” ХХК нэвтрүүлсэн байна.

Бид тус үйлчилгээний талаар “Happyflowers” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Намуунцэцэгээс тодрууллаа.

legacy:2026/01/MADURO/uuts/scs.jpg

-Цагаан сараар тогоо барих үйлчилгээ хэр эрэлттэй байна вэ?

-Маш их эрэлттэй байгаа. Гадаадад амьдардаг хүмүүс ээж, аавдаа тогоо барих хүн авч өгөх гэсэн юм гэсэн хүмүүс их холбогдож байна. Үүнээс гадна өөрсдөө хамт байдаг ч тогоо барихаас залхчихсан хүмүүс амар үйлчилгээ байна гээд сонгож байна. Ахмадууд өөрсдөө холбогдоод тогоо барих хүн авмаар байна гэж хандаж байна. Залуу хүмүүс ч гэсэн "Баярлах гэхээр гал тогоонд өнжөөд таардаг юм. Танайхаас хүн авчихвал амар юм байна" гээд захиалга өгөх тохиолдол байна. Тэгэхээр зөвхөн ахмадууд гэлтгүй хүн бүрт л хэрэгтэй үйлчилгээ байж гэж бодож байна.

-Яг аль өдрүүд нь захиалга ихтэй байна вэ. Битүүнээс эхлээд захиалга авч байгаа харагдсан?

-Битүүн, шинийн 1,2,3-нд захиалга авч байгаа. Хамгийн эрэлттэй өдрүүд нь шинийн 1, 2-ны өдөр байна. Битүүнд бэлтгэл ажил хийхэд туслах хүн хэрэгтэй байна гэсэн хүмүүс ч бас их холбогдож байгаа.

-Энэ жилээс шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ гэж ойлгосон зөв үү?

-Үгүй. Манайх 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа компани. Цагаан сараар тогоо барих үйлчилгээг нэвтрүүлээд 3 жил болж байгаа. Өмнөх 2 жил хүмүүс төдийлөн сайн мэддэггүй, сонирхдоггүй байсан. Энэ жилээс л танигдаж, маш их эрэлттэй байна. Утас өглөө ажлын цаг эхлэхээс өмнө дуугарч эхлээд бүтэн өдөржингөө л тогоо барих үйлчилгээтэй холбоотой мэдээлэлд хариу өгч, захиалга аваад өнгөрч байгаа.

-Үнийн мэдээллийг өгөөч. Өдрөөр нь авбал хэд, цагаар авбал хэд байдаг гэх мэтчилэн?

-Цагаан сараар тогоо барих үйлчилгээг битүүн, шинийн 1,2,3-нд авбал нэг өдрийн 350 мянган төгрөг. Ажлын 8 цагаар ажиллана. Дээрх өдрүүдээс бусад өдрүүдэд 180 мянган төгрөг. Цагаар авбал нэг цагийн 40 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлж байгаа.

-Захиалга өгч байгаа айлууд нэг өдрөөр авч байна уу. Эсвэл 2, 3 өдрөөр нь авдаг уу?

-Нэг өдрөөр авч байгаа айл цөөхөн. Ихэвчлэн битүүн, шинийн 1, 2 гээд 3 өдрөөр нь авч байна. 3 өдрөөр авахад 1 сая 50 мянган төгрөг болж байгаа.

-Тогоо барих хүмүүс яг ямар, ямар ажил хийхийг нь тодорхой зааж өгсөн байгаа юу?

-Өглөө очоод цай чанахаас эхлээд л бууз жигнэх, хоол зөөх, зочид гарсны дараа гал тогооны бохирыг цэвэрлэх, ширээ бэлтгэх гэх мэт ажлуудыг хийнэ. Цагаан сараар тогоо барьж байгаа хүн ямар ажил хийдэг тэр бүгдийг л хийнэ гээд ойлгочиход болно. Манайхаас тогоо барих үйлчилгээнд гарах хүмүүстээ нэгдсэн журмаар сургалт орж, угтах, үдэх, үйлчлэх соёл, хариуцлагатай, хурдан, шаламгай байх гэх ойлголтуудыг өгч байгаа.

-Захиалгын тоо хязгаартай гэж сонссон. Өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байгаа вэ?

-Манай ажилчдын тоо хязгаартай учраас захиалга лимиттэй. Одоогоор 70-80 хувьтай явж байна. Тэгэхээр 2 сар гарахаас өмнө захиалга дүүрчихнэ гэж тооцоолж байгаа.

-Танайх үйлчлэх хүмүүстээ ямар шаардлага тавьж байгаа вэ. "Хэр найдвартай вэ. Итгэж болох юм уу" гэсэн сэтгэгдэл их харагдсан?

-Манайд олон жил ажилласан үндсэн ажилтнууд очно. Тэгэхээр найдвартай гэдэгт нь эргэлзэх шаардлагагүй гэж хэлмээр байна. Манайх ажилчдынхаа болон айлуудынхаа аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Түүнээс гадна үл итгэх байдал үүсгэхгүйн тулд орой явахдаа заавал цүнх, халаасаа шалгуулаад гардаг байх гэдэг зүйлийг бас нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр хэн хэндээ үл итгэх, хардах байдал үүсэхгүй амар байдаг юм.

-Утсаар захиалга авч байх үед танай санал болгож байгаа үйлчилгээнээс гадна өөр зүйл хүсэж байгаа тохиолдол хэр их гарч байна?

-"Ганц бие залуу байгаа юм. Тогоо барих үйлчилгээ аваад эхнэрээ болгоод авч болох уу" гэх мэт дуудлага, сэтгэгдлүүд ирдэг.

-Хэдээс хэдэн насны хүмүүс тогоо барих үйлчилгээнд гарч байгаа вэ. Тэд орчим насны хүн авмаар байна гэж захиалга өгөх боломжтой юу?

-18-55 насны эмэгтэйчүүд байгаа. Тэд орчим насны хүн авмаар байна гэж хэлээд захиалга өгдөг хүмүүс байгаа. Зарим хүмүүс нь ажилд сайн, итгэлтэй нас тогтсон хүн авмаар байна гэж байхад зарим нь хурдан хөдөлгөөнтэй залуу хүүхэд авах хүсэлтэй байна гэх жишээний.

-Орон нутгаас захиалга ирж байгаа юу. Танай хүмүүс орон нутагт очиж ажиллах боломжтой юм уу?

-"Хөдөө байдаг ээж, аавдаа туслуулах хүн авах гэсэн юм. Болох уу" гэсэн хүсэлт бас их ирсэн. Мэдээж боложмтой. Хөдөөнөөс орж ирсэн захиалгууд ч байгаа. Манай хүмүүс очоод ажиллана гэсэн үг.

Харин дараа нь бид Цагаан сараар тогоо барих үйлчилгээг санаачилж нэвтрүүлсэн "Happy flowers" ХХК-ийн захирал Э.Ууганцэцэгтэй уулзаж, анх яагаад энэ үйлчилгээг нэвтрүүлэх санаа төрснийг нь тодрууллаа.

legacy:2026/01/MADURO/uuts/sscs.jpg

-Юун түрүүнд маш хэрэгтэй үйлчилгээг санаачилж хэрэгжүүлсэн танд баяр хүргэе. Сая үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг танай менежерээс авчихлаа. Танаас анх энэ үйлчилгээг нэвтрүүлэх санаа яаж төрснийг тодруулж асуумаар байна. Мэдээлэл өгч болох уу?

-Миний дотнын найзын ээж цагаан сараар гэртээ үйлчилж байгаад хэт их ачаалал авсны улмаас харвачихсан юм. Яг тэр үед л надад яагаад ийм үйлчилгээ байж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Ялангуяа нас тогтсон хүмүүст маш их хэрэгтэй үйлчилгээ санагдсан учраас нэвтрүүлж байсан юм. Бид хэдий ээж, аавдаа хайртай ч очоод золгохоос хэтэрдэггүй юм байна. Тэр ч хадамдаа очиж золгохгүй бол болохгүй. Энэ ч хамаатандаа очихгүй бол энэ минь, тэр минь гомдчихно гээд хаяад явчихдаг. Тиймээс өөрсдөө тусалж чадахгүй ч өөр хүнээр туслуулж болох юм байна гэж бодоод энэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Хэрэгцээ шаардлага их байсан гэдэг нь манай дээр орж ирж байгаа захиалгуудаас тодорхой харагдаж байгаа учраас би хувьдаа баяртай байгаа.

-Тантай уулзсных үнийн талаар мэдээллийг бас онцолж асуумаар байна. "Хэдий хэрэгтэй үйлчилгээ ч гэсэн нэг өдрийн 350 мянга гэхээр үнэтэй байна" гэх шүүмжлэлүүд гараад амжсан байсан?

-Хүмүүсийн сонирхол хэрэгцээ маш их байгаа. Гэсэн хэдий ч нөгөө талдаа үнэтэй байгаа нь үнэн. Энгийн өдрүүдэд энэ үйлчилгээг авахад өдрийн 180 мянган төгрөг байдаг. Хөдөлмөрийн хуулиараа бүх нийтийн амралтын өдөр ажиллуулбал цалинг нь хоёр нугалж өгөх ёстой байдаг. Тэгэхээр цагаан сараар ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг тэгж өгөх ёстой. Тийм учраас нэг өдрийн 350 мянган төгрөгөөр захиалгаа авч байгаа. Захиалга өгч байгаа хүмүүс маань ч үүнийг маш сайн ойлгож байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Gerel

    Zarts gedeg bol tsalin avahgui.Ene bol tuslah ajil hiideg hun bh um bna.

  • T
    Tsog

    танай үйлчилгээг сонирхож байна. Яаж холбоо барих вэ

  • З
    Зочин

    Наад хүмүүс чинь эрүүл мэндийн үзлэгтээ яг орсон уу? Цалингий нь яаж өгдөг вэ ( цагаар,өдрөөр, баярын нэмэгдэл ,нарийн яривал хөдөлмөрийн хуулиар уу) Ажил хийх хүн айлын юм авахгүй л байх. Тогоо бариулах гэснээс туслах ажил гэвэл зүгээр юм биш үү.За манайхан тэгээд л мөнгө төлсөн гэдгээр боол зарц гээд бодно доо ажлынхаа чиг үүргийг сайн хэлж ойлгуулаасай амжилт хүсье.

  • Г
    Гэрийн эзэн

    Намуунцэцэгээ чамаар тогоо бариулах үйлчилгээ авъя. 5 хоног. Үнээ хэлээрэй.

  • З
    Зочин

    Эрэгтэй хүн цагаан сараар тогоо барихаар их эвгүйм билээ.. дүү нар гадаадад гарцсан.. эхнэргүй. Ирсэн авгай нар их доогтой мушийна.. Зарим жил оюутан охинд мөнгө болон гайгуй гарын бэлэг өгөхөөр тохиролцож тогоо бөриулсан удаа ч бий.. Даанч айдас ихтэй.. нөгөө охин амьтан хүний юм дэлсчих вий гэж санаа бас зовно.. Наад үйлчилгээ чинь ёстой хэрэгтэй үйлчилгээ байна.. Даанч үнэтэй юм өө

  • З
    Зочин

    Zarts shig muuhaim bishuu

  • З
    Зочин

    Танихгүй хүмүүсийг бүү оруул, цүнхүү үзүүлээд гарсан ч иргэж ирнэ шүү Болгоомжил