УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд, Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх наймдугаар сард COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Энэ конвенцэд дэлхийн 197 улс нэгдэн орсон байдаг. Нэг ёсондоо Монгол Улс энэ конвенцэд нэгдэн орсноор Монголын хууль, тогтоомжоос илүү конвенцын зүйл, заалт илүү үйлчилнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид олон улсын өмнө үүрэг, хариуцлага хүлээж байгаа гэж ойлгох ёстой. Хоёрдугаарт, энэ 197 улсаас ямар хүмүүс ирдэг юм бэ гэх асуудал бий. Аялагч, жуулчид, зочид ирдэггүй. Харин Засгийн газрын төлөөлөл буюу Байгаль орчны сайд нар болон бусад албан тушаалтнууд, ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчид цуглаж шийдвэр гаргадаг чухал хурал гэж ойлгох хэрэгтэй.
-Хувиар нь авч үзвэл, бэлтгэл ажил нь хэдэн хувьтай яваа вэ?
-Хувилахад хэцүү асуудлууд үүсдэг. Дундаж үзүүлэлтээр нь авч үзвэл, одоогийн байдлаар 30 орчим хувьтай явж байна. Жишээлбэл, визний асуудал 10 хувьтай явж байна. Яагаад гэвэл наймдугаар сард болох хурлын визийг хэзээ авах вэ гэхээр одоо авахгүй. Тэгэхээр одоо зочид буудлын бэлтгэл, захиалга, дэд бүтцийн болон барилга байгууламжийн гүйцэтгэл гээд олон ажил хийгдэнэ. Цаг агаарын онцлогоос шалтгаалаад барилгын ажлууд зогссон байна. 2, 3-р сард цаг агаар дулаараад эхлэхээр барилга байгууламжийн ажлууд эхэлнэ.
-Таны хувьд сайдаар томилогдоод 8 сар гаруй хугацаа өнгөрлөө. Ажил их байна уу?
-Ажил их ээ, их.
-ИЗНН-ын дэд дарга С.Батбаатар намын даргадаа хариуцлага тооцох асуудлаар ярьж эхэлсэн. Танай намд юу болоод байна вэ?
-Намын асуудлыг нам дотроо буюу намын хурал дээрээ орж ирээд ярих хэрэгтэй. Санал хураах асуудал байвал саналаа хураалгаад олонх нь дэмжиж байвал шийдвэр болно. Цөөнх нь дэмжвэл шийдвэр биш цаашид анхаарах асуудал болдог. Нам, улс төрд хамтарсан шийдвэр гаргалтад оролцоно гэдэг нь таалагдахгүй бол гарч яваад, бүх юмыг өөрийнхөө хүслээр хийдэг зүйл биш гэдгийг хэлмээр байна.
-Танд хариуцлага тооцох гээд байгаа шалтгаануудыг эхнээс нь харахаар танай намын шинэчилсэн дүрэм Дээд шүүхээс дөрвөн ч удаа буцсан. Даргын баталгаажуулалтыг нь “Зөрчилтэй” гэж үзсэн юм билээ. Ямар шалтгаанаар ингэж олон буцав?
-Дээд шүүхийн сайтаас харж болно. Улс төрийн намуудын бүртгэлээс харвал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар гээд албан ёсны бүртгэлтэй байгаа. Намын гэрчилгээн дээр ч миний нэр бичээстэй байдаг. Дээд шүүхийн бүртгэл дээр ямар ч асуудал байхгүй.
Харин асуудал үүсгээд байгаа хүмүүс 2025 оны гуравдугаар сарын намын Их хурлын шийдвэрийг барьж яриад байх шиг байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр бид хурлын дүрмээ өөрчлөөд, нэгэнт дүрэм өөрчлөгдсөн учраас “Энэ өөрчлөгдсөн дүрмээрээ намын даргаа дахин бүртгүүлье” гэсэн чинь “Өөрчлөгдсөн дүрмийг бүртгээгүй учраас намын даргыг бүртгэх шаардлагагүй. Угаасаа намын даргаараа байгаа” гээд буцаасан шийдвэрийг мушгин гуйвуулж тайлбарлаад байна гэж ойлгох хэрэгтэй.
-Танай намын дүрэм чинь хүчинтэй гэсэн үг юм уу?
-Шинэчилсэн дүрмийг бүртгэж аваагүй бол хуучин дүрэм нь хүчинтэй байгаа л гэсэн үг. Дээд шүүх дүрмийг баталдаггүй, зөвхөн бүртгэж л авдаг. Энэ 7 хоногт эсвэл ирэх 7 хоног гэхэд Дээд шүүхээс дүрмийг яагаад бүртгэж аваагүй вэ гэдэг тогтоолоо албажуулаад намд хүргүүлнэ гэж ойлгож байгаа. Дээд шүүх энэ тогтоолоо ирүүлээгүй байхад таамаг мэтээр ярих нь буруу. Миний хувьд тийм ноцтой зөрчил байхгүй, хэлбэр хийцийн хувьд бага зэрэг засаж залруулах зүйл байгаа юм байна л гэж ойлгосон.
-ИЗНН-аас сонгуульд нэр дэвших сонирхол бүхий этгээдүүд сүүлийн үед олширч байна-
-Хэрвээ шинэ дүрмийг заасан хугацаанд засаж бүртгүүлж амжихгүй бол ИЗНН оршин тогтноход хэцүү болсон, татан буугдахад хүрч байгааг намын дэд дарга чинь ярьсан байна лээ?
-“Танд тийм хүсэл байгаа юм уу” гээд өөрөөс нь асуучих. Мэдээж хүсэл нь тийм л байгаа. Намуудын дүрэм бүртгэгдэх үед Дээд шүүх рүү “Энэ намын дүрмийг битгий бүртгээч ээ” гэж хүсэлт явуулсан л байна лээ. Өөрөөр хэлбэл намынхаа эсрэг ажиллаж байна.
Одоо ер нь хүссэн хүсээгүй улс төр “халж” эхэлж байна. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 онд УИХ-ын сонгууль болно. 2027 онд улс төрийн таван нам л Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. ИЗНН эрхтэй байгаа учраас энэ намаас нэр дэвших сонирхол бүхий этгээдүүд сүүлийн үед олширч байна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд та өөрөө нэр дэвших үү?
-Би өмнө нь намын даргаар ажиллаж байсан С.Оюунд хоёр удаа “Та Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЗНН-аас өрсөлдөөч ээ” гэдэг санал тавьсан. Эцсийн хариугаа хараахан авч чадаагүй байна.
-Та өөрөө нэр дэвшихгүй юм уу?
-Би эхлээд С.Оюун даргаас саналынхаа хариуг эцэслэж авах хэрэгтэй шүү дээ.
-Танай намын зарим гишүүд “Манай нам Б.Батбаатарын ах дүү, төрөл садангийн нам болчихлоо” гэж нэлээдгүй ярих болсон. Яагаад ийм болчихов оо?
-ИЗНН улс төрийн сонгуульд оролцохын тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай болсон. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үйл ажиллагаа явуулаад оролцож байх үед “Энэ нам болохгүй байна” гэж ярьж байсан нэг ч хүн байхгүй. Төрийн сонгуульд оролцох үед намын ажилд оролцож ачаа үүрэлцээгүй хүмүүс дараа нь энэ намаас албан тушаал, томилгооны эрх хүлээж авсан. Үргэлжлүүлээд нам руугаа “ус цацсан”, намаа муу хэлсэн асуудлууд үүссэн. Зарим нь намаа сонгуульд уначихаасай, тэгвэл энэ хүнийг зайлуулчих юм сан гэж хүсэж байсан л хүмүүс шүү дээ. Тэрийг манай намын гишүүд мэдэж байгаа.
Дараагийн асуудал бол энэ нам хэний хүчээр сонгуульд орсон бэ гэдгийг бодох хэрэгтэй. Маш олон энгийн гишүүдийн хичээл зүтгэл, олон хүмүүсийн итгэл үнэмшил, сонгогчдын дэмжлэгээр парламентад суудалтай болсон. ИЗНН-д саналаа өгсөн олон хүнд дахин дахин талархал илэрхийлж байна.
Манай тэр муулаад яваад байгаа нөхрийн дүү нь хүрч ирж хэдэн тавилга өргөж оруулаад 100 мянган төгрөгийн цалин аваад л явдаг шүү дээ.
-Миний гурван ах, дүү энэ намд байгаа-
-С.Батбаатарын дүү юу?
-Тийм. Миний гурван ах, дүү энэ намд байгаа. Анх асуухад нь шууд хэлсэн.
-Гурван ах дүү чинь нэмэгдэж орж ирсэн үү?
-Үгүй. Тэр гурав маань намын 3 сая төгрөгийн татварыг бүгдээрээ төлж байгаа. Дээрээс нь бүх цаг, хүчээ сонгууль болоход зориулж, нэг туг ч болтугай бариад алхдаг. Харин нөгөөдүүл нь нэг туг ч барьдаггүй.
Мөн нөгөө нөхдийн ах дүүс нь намд ирж ажиллахаараа цалин аваад явдаг. Харин миний ах, дүү нар цалин авах нь битгий хэл, санхүүжилт, хандив өгөөд, ачаа үүрээд энэ намын төлөө хүчин зүтгэсэн.
-Цалин авдаггүй гэж үү?
-Юу гэж авах юм. Бүр намд хандив өгч байна шүү дээ. Гэтэл нөгөө нөхдийн ар тал, ах, дүү нар нь намд ирэхээрээ мөнгө нэхдэг. Хандлагын маш том ялгаа байна. Дээрээс нь, Засгийн газарт орсны дараа, өмнө миний ах, дүү нар татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөгийн цалин аваагүй. Нэг ёсондоо хэн ч хаана ч ажилд томилогдоогүй.
Би нэг зүйлийг хэлдэг. Та нар хүний жолооч, туслах хоёр руу битгий ор. Жолооч амь, биеийг нь авч явдаг бол туслах нь бичиг цаасыг нь эмхэлж өгч байдаг юм.
-Танай намд гишүүдийн ороо, гараа хэр байна. Зарим нэг гишүүд чинь намаасаа гарсан сураг дуулдсан?
-Үгүй. Намын гишүүнчлэлээс хасагдсан хүн одоогоор алга байна. Надад мэдэгдсэн зүйл ч алга.
-Өөр нэг асуудал бол намын санхүүжилтээ ил танилцуулаагүй, нуусан гэх үндэслэлээр таныг АТГ-т өгсөн байгаа юм билээ. Танаас тайлбар, мэдүүлэг авсан уу?
-За яах вэ, иргэнийхээ хувьд хардах эрхээ эдэлж байна гэж ойлгож болно. Нөгөө талаас нь харвал, энэ бол гүтгэлэг. Гүтгээд, энд тэнд хүсэлтээ өгөөд явж байг л дээ. Хуулийн байгууллагууд нь шалгаж үзээд зөв, бурууг нь нягтлаад, асуудал байвал гаргаад, байхгүй бол тэр хэрэг чинь хаагддаг юм байгаа биз дээ.
Этик, ёс суртахууны хувьд ёс зүйгүй л үйлдэл. Ямар нэг мэдүүлэг аваагүй л байна.
-АТГ-т өгсөн үндэслэл нь ИЗНН 2025 онд 455 сая төгрөгийн санхүүжилт авсан байтал таныг намын Их хурал дээрээ “Санхүүжилт орж ирээгүй” гэж нуусан гээд байгаа юм билээ л дээ?
-Мэдэхгүй. Тийм зүйл байхгүй. 2025 оны гуравдугаар сарын 9-нд манай намын Их хурал хуралдсан. Тэр үед л “Санхүүжилт орж ирээгүй байгаа” гэж ярьсан. Харин намын санхүүжилт тав билүү зургаадугаар сард орж ирсэн. Их хурлаас хоёр, гурван сарын дараа орж ирсэн гэсэн үг. Ийм зүйлийг цаг хугацаатай нь хольж ярьж байгаа бол дахиад гүтгэлэг л гэсэн үг шүү дээ.
Дээрээс нь, 2025 оны долоодугаар сарын 14-18-ны хооронд бидний 10 хүн хувийн зардлаараа Бээжин хотод очиж Хятадын Коммунист намтай уулзалт хийж, ногоон технологитой танилцаад ирсэн. Улс орны ажлыг алдагдуулахгүй гээд наадмын урт амралтын үеэр явсан. Тэр зургийг гаргаж ирээд л “Бразилд явж байна” гээд байсан. Бразил руу яваагүй.
Нам гэдэг бол итгэл үнэмшил, үзэл бодлын нэгдлийн байгууллага шүү дээ. Гэтэл намын даргаа цагдаад өгөөд явж байдаг. Дээрээс нь хууль мэдэхгүй юм. Хуулиар сурсан ч юм уу, үгүй ч юм уу.
-Албан тушаалд томилогдох саналууд надад олон ирсэн-
-Танай намд хуульч мэргэжилтэй хэчнээн хүн байна?
-Овоо хэд байгаа. Ер нь хууль мэддэг буюу хуульч хүний хэлдэг үгс байдаг. Хуульч хүний эрхэмлэх ёстой үүргүүд байдаг.
Аан, нээрээ “Албан тушаалд томилогдоё” гэсэн саналууд надад ирсэн. “Энэ ажил дээр очоод юу хийх юм” гэхээр “Мөнгө олоодхъё л гэсэн шүү дээ” гэж байгаа юм. Үгүй ээ, энэ чинь болохгүй зүйл шүү дээ.
Шаардлагад тэнцэхгүй болоод ирэхээрээ янз бүрийн юм хийж явцгаадгаа болих хэрэгтэй байгаа юм аа. Тодорхой албан тушаал заагаад “Заавал энд томилогдоно” гэж байхгүй юу.
-Таны тайлбар, хариултуудаас харахад, нам дотор чинь таныг унагах гэсэн оролдлого их байгаа юм аа даа?
-Тийм ээ, байгаа. Энэ улс төр яах вэ, гадна талын захиалгууд ч бий. Би 2023 онд ИЗНН-ын дарга болохдоо намын Их хурал дээрээ нэг зүйлийг хэлж байсан. Юу гэж вэ гэхээр “ИЗНН дотор Ардын нам, Ардчилсан нам, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлыг огт оруулж ирэхгүй. Тэд нарыг ИЗНН-аар тоглохыг зөвшөөрөхгүй. Надад байгаа улс төрийн туршлага тэр зүйлийг хааж чадна” гэж хэлж байсан. Ингэж байж би намын даргаар сонгогдсон. Мэдээж, парламентад суудал бүхий намыг дотор нь бужигнуулах нь бусдад л ашигтай шүү дээ.
-Гадны гэхээр бусад намуудаас байх нь ээ?
-Тийм. Аль алинаас нь л гэсэн үг. Би тодорхой мэдээллүүдийг авч байгаа.
-Нууц уу?
-Үгүй ээ, одоо юуг нь хэлэх вэ дээ.
-Таныг Засгийн газраас гараач, сайдын ажлаа өгөөч гэсэн шахалт нам дотроос чинь эсвэл гаднаас ирж байна уу?
-Ирээгүй. Манай намынхан яагаад “Засгаас гараач” гэж ярихгүй байна вэ гэхээр манай нам ногоон үзэл баримтлалтай ганцхан нам. Энэ ногоон салбар өөрөө сүүлийн зургаан жилд зургаан сайдын нүүрийг үзсэн. Үндсэндээ, бодлого, боловсон хүчин, ой санамжийн хувьд маш хүнд байдалд орсон. Тийм учраас энэ салбарыг аваад явж байхад манай намынхан дэмжиж байгаа гэж ойлгож байгаа.
-2028 оны сонгуулиар танай нам УИХ-д хэдэн суудал авъя гэж төлөвлөж, зорьж байна даа?
-Бүлэгтэй болно. 10-аас дээш суудалтай болно. Одоо Ардын нам, Ардчилсан нам нэг, нэг бүлэгтэй. Би яагаад нэг, нэг бүлэгтэй гэж хэлж байна гэхээр Ардын нам өнөөдөр 68 гишүүнтэй байлаа гээд зургаан бүлэгтэй болохгүй байгаа биз дээ. Тэгэхээр манай намын зорилго бол УИХ-д бүлэгтэй болоод, цаашаа илүү олон суудалтай болно гэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!