МАХН, МНН өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын 2020 оны сонгуульд тус намууд эвсэл байгуулан оролцохоор болж, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх зорилгоор санамж бичигт гарын үсэг зурж байгаагаа мэдэгдэв.
Тус намууд өнөөгийн Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал мөн он удаан жил хямралт байдал үргэлжилсэн хэмээн дүгнэн энэхүү байдлаас гарахын тулд МАНАН хэмээх гаж тогтолцоог бүрдүүлэгч МАН ба АН-ийн эсрэг хүчээ нэгтгэлээ. Мөн МАХН, МНН МАН ба АН-аас бусад улс төрийн намууд нэгдэн хамтран ажиллаж эвсэх зүйтэй хэмээн уриаллаа.
Төр засгийн байгууллага, албан тушаалтнууд, эрх байригч намын үйл ажиллагаанд шүүмжтэй хандах мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мөн чанар хор уршгийг иргэдэд ойлгуулан таниулах зорилготой ажиллана гэв.
МНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганхуяг “МНН нь дээд шүүхэд бүртгэлтэй гурав дахь хүчний нам бөгөөд МАНАН-гийн эсрэг сонгуульд бодитой оролцох бололцоотой МАХН-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэв.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Тулга “Цаашид энэ эвсэл дээр нэгдэж орох хүсэлтэй намуудыг Монголын Ногоон Намтай ярилцан зөвшилцөн хамтран ажжиллахад бэлэн” хэмээн хэллээ.
Тэд өмнө нь өөрсдийн үзэл баримтлал, дүрэм ба Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд 2018 оны 3-р сарын 14-нд байгуулсан санамж бичигт гарын үсэг зуран амжилттай ажилласан гэлээ.
Н.Золзаяа