УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн эл өдрүүдэд нэр дэвшигч нартай холбоотой бүртгэл болон бизнесийнхнийг хорьж цагдаж, эрх ашгийг хуулиар боомилж байгаа талаарх шүүмжлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ч.Болортуяа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагуудад Засгийн газрын 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн хуралдааны 20-р тэмдэглэлийг хүргүүлэв. Тус хуралдаанаар Ерөнхий сайд сонгуулийн хугацаанд нэр дэвшигчид болон улс төрийн зорилгоор ашиглагдаж болзошгүй аливаа баривчилгаа хийж, сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх нь ардчилсан зарчим гэж үзэж байгаа бөгөөд энэ дундаа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах байр суурь дээр хатуу зогсохоо мэдэгдсэн болно" хэмээн мэдэгдээд байсан. Үүний дараагаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг олон нийтэд ил болголоо. Ингэхдээ Ерөнхий сайдын зүгээс хуулийн байгууллагад дараах чиглэлийг өгчээ.
Тодруубал, тус тэмдэглэлд дурдсанаар "...бизнес эрхлэгчдийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчтэй холбогдуулан улс төрийн зорилгоор баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах зэргээр хүний халдашгүй байдалд хуульд заасан үндэслэл журмаас гадуур халдахгүй байх чиглэлээр хамтран ажиллахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт даалгав" гэжээ.