Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр,
"Улиран одож буй 2023 он Монголчууд бидний хувьд ололт амжилт, өсөлт дэвшлээр дүүрэн болж өнгөрч байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, парламентын ардчилал, үндэсний дархлаагаа илүү баталгаажууллаа.
Эдийн засаг сэргэж, цалин тэтгэвэр нэмэгдэж, гадаад бондуудын өр төлбөрийг барагдуулж, олон улстай харилцаагаа өргөжүүлж, экспортын хэмжээ түүхэн дээд амжилт үзүүлсэн зэрэг амжилтуудыг дурдахад таатай байна.
Энэ бүхэн эрх баригч Монгол Ардын Нам болон бусад улс төрийн намуудын хамтын ажиллагаа, үндэсний зөвшилцөл, шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүн байлаа. Тэмцлийн ир мохохгүй, улам хурцлагдах он жил айсуй.
Ирж буй 2024 онд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, аж үйлдвэрийн сэргэлтийг эрчимжүүлэх, бүсчилсэн хөгжлийг эхлүүлэх, ард иргэд маань баялгийнхаа үр шимийг хүртдэг болох зэрэг олон чухал ажил хүлээж байна.
Түүнчлэн улс төрийн хүчнүүд шинэ соёл нэвтрүүлж, бодлогын мэтгэлцээн, хөгжлийн төлөөх санаачилга өрнүүлэн, үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, эх орныхоо хөгжлийг хурдасгана гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа нийт Монгол түмэн та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье" гэжээ.