Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл, өрийг хэрхэн эрчимтэй барагдуулах асуудлаар мэдээлэл өгсөн. Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлээс нийтдээ 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна.
Хөгжлийн банкны асуудлыг хөндөж тавьсан шалтгаан бий. Монголбанкнаас Хөгжлийн банканд 2019 онд хийсэн шалгалт байдаг. Энэ шалгалтын мөрөөр 812 тэрбум төгрөгийн зээлийн алдагдлын сан байгуулах акт тавьсан байдаг. Гэсэн хэдий ч энэ актын дагуу тус банкны баланс дээр сан байгуулагдах гүйлгээ хийгдээгүй.
Хөгжлийн банк цаашдаа хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд чанаргүй зээлээ яаралтай төлүүлэх асуудалтай тулгарсан. 2023 онд хоёр бондын мөнгө төлөгдөх ёстой. Төгрөгөөр бол 1.5 их наяд. Нөгөөх нь 725 тэрбум төгрөг. Энэ хоёр бондоос Самура бондын өрийг онцгой анхаарах ёстой. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл байна. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэх асуудалд шуурхайлан орсон. Хууль хүчний байгууллагуудын оролцоо маш чухал байна" гэлээ.