СУРВАЛЖИЛГА: Төр иргэдийг дэмжиж хямд орон сууцанд хамруулж байгаа ч иргэд түрээсийн орон сууцанд хайр найргүй хандаж байна

Төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулан зах зээлийн үнээс харьцангуй хямд нөхцөлөөр түрээсийн орон сууц олгодог. Гэвч энэ боломжийг эдэлж буй зарим иргэн түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайг хайр гамгүй ашиглах, байрнаас гарахдаа бүр гэрлийн патрон хүртэл авч явах тохиолдол гардаг байна.
Б.Пүрэвсүрэн: Миний өмч биш гэсэн хандлагаар нийтийн эд хөрөнгөд ханддаг
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн энэ талаар ярихдаа “Түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн хувьд захиалсан байр нь ашиглалтад ороогүй, стресстэй байх хандлага их байдаг. Манай түрээслүүлж буй орон сууцыг дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртсөн түр суурьшуулах байр гэж нэрлэдэг юм.
Нийт 432 айлын багтаамжтай. Үүнээс 52 айл нь өмчилж авсан бол үлдсэн 380 айл нь түрээсээр оршин сууж байна. Нэг метр квадратын үнэ 10 мянган төгрөг байгаа. Энэ түрээсийн мөнгө буцаад байрны аюулгүй байдал, тохижилтод зарцуулагддаг.
Өөрөөр хэлбэл, энэ орон сууцанд тал талаас хүмүүс ирээд түр оршин сууж байгаад л явдаг. Дамжин өнгөрөх газар шиг л. Зарим нь дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртөж, төслийнх нь ажил удааширсан, хүндрэлтэй нөхцөлд байгаа учраас стресстэй, “миний юм биш” гэсэн хандлагатай байдаг.
Оршин суугчийн соёл гэдэг түрээсээ төлөхөөс гадна нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, талбайг цэвэрхэн ашиглахыг хэлнэ. Гэтэл ариун цэврийн асуудалтай. Байрнаас гарахдаа тонож байгаа юм шиг гэрлийн патроныг нь хүртэл аваад явчихдаг.
Нэг метр квадратын түрээсийн үнэ өмнө нь 6000 төгрөг байсан бол одоо 10 мянган төгрөг болсон. Энэ мөнгөө өгч чадахгүй, стресстдэг хүмүүс ч их байна. Түрээсийн нөхцөл нь сар сараар төлөхөөр байдаг. Гэрээн дээр тусгаж өгсөн байдаг ч гэрээгээ төдийлөн биелүүлдэггүй” гэв.
Түрээсийн орон сууцны ашиглалт, хадгалалттай холбоотой энэ асуудал өмнө нь ч хөндөгдөж байжээ. Тухайлбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрны 120 өрхийн 112 нь 2020 онд түрээсээс түрээслээд өмчлөх хэлбэрт шилжих хүсэлт гаргаж байсан юм. Тухайн үед нийслэлийн удирдлагууд түрээсийн байранд өрхүүд ээлжлэн амьдардаг тул ашиглалт, арчилгаа муудах асуудал үүсэж байгааг хөндөж байжээ.
Мөн түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа төлөөгүйгээс шүүхийн маргаан үүссэн тохиолдол бий. Нэгэн түрээслэгчийн хувьд түрээс, ашиглалт, хэрэглээний төлбөрт нийт 4.4 сая төгрөгийн өр үүсгэсэн гэх асуудлаар гэрээг цуцалж, байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байжээ.
Түрээсийн орон сууц бол хэн нэгний хувийн өмч биш ч нийтийн хөрөнгө. Өнөөдөр нэг өрх амьдарч, маргааш өөр нэг өрх нүүж орох энэ орон сууцны бүрэн бүтэн байдал, цэвэр цэмцгэр орчин нь түрээслэгч бүрийн хариуцлагаас шалтгаална. Тиймээс хямд үнээр орон сууцанд амьдрах боломжийг эдэлж байгаа иргэд түрээсээ хугацаанд нь төлөхөөс гадна өөрсдийн амьдарч буй байр, нийтийн эзэмшлийн орчныг хайрлан хамгаалах шаардлагатай.


