Томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно

Томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно
Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсвэл зайнаас ажиллах боломж бүрдүүлжээ.
Энэ зохицуулалт энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжинэ. Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор баталсан уг зохицуулалтыг төсвийн байгууллагууд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогчдод мөн адил хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Энэ нь томуугаар өвдсөн бага насны хүүхдээ асрах шаардлагатай эцэг, эхчүүдэд ажил, гэр бүлийн үүргээ зохицуулах боломж олгох юм.
-Томуу, томуу төст өвчнөөр өвдөгсдийн 77.1 хувь нь хүүхэд байна-
Эрүүл мэндийн яамны аравдугаар сарын 28-ны мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүнээс 49.6 хувь нь тав хүртэлх насныхан аж.
Мөн амьсгалын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 81 хувь нь 15 хүртэлх насны, 65.3 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна.
Түүнчлэн томуугаар өвдсөн хүүхдийг харьяа өрхийн эрүүл мэндийн төвд эмчийн заалтаар өдрийн эмчилгээнд хамруулах боломжтой. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн өдрийн эмчилгээ, гэрийн эргэлтийг эрчимжүүлэхээр болжээ.



