Б.Хадбаатар: ЗГ-ын 73 дугаар тогтоолд “Эмээлт дэх үйлдвэр аж ахуйн газрууд урьдчилан цэвэрлэх байгууламж төлөвлөх ёстой” гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч цэвэрлэх байгууламжгүй байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 34 сек
00
att.3nngyVrmru9Q7VFZ02HGTfQWA9aIz2OvTLSvLT-GYzg-1.webp

Эмээлтийн мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрүүд цус, өөх тос, малын сэвс, үс ноос холилдсон бохир усаа урьдчилан цэвэрлэлгүйгээр зөөврийн цэгээр дамжуулан төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. УСУГ-аас үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлагыг удаа дараа тавьсан ч хэрэгжилт хангалтгүй байгааг тус газрын Бохирдол бууруулах нэгжийн хяналтын инженер Б.Хадбаатар мэдээллээ.

att.SJ0aPGliEZu_ioFwB1DcorYpLr_rSaQwldE2LblXljs-1.webp


Тэрбээр “Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолтой холбоотойгоор Эмээлтэд байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох асуудал яригдаж байсан. Гэвч бидний шалгалтаар Эмээлтэд байгаа махны үйлдвэрүүдэд нэг ч ширхэг урьдчилан цэвэрлэх байгууламж байхгүй байна. Энд малын сэвс, өөх тос, цусыг цооногоос нь шууд соруулж, төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна” гэв.

Түүний хэлснээр, УСУГ-аас урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох талаар үйлдвэрүүдэд удаа дараа албан бичиг хүргүүлж, шаардлага тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Нийслэлд Налайх, Сонсголон, Ханын материал, Дүнжингарав гэсэн дөрвөн байршилд зөөврийн бохир ус хүлээн авах цэг ажилладаг. УСУГ-аас энэ өдөр хоёр ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийжээ. Нэг хэсэг нь Сонсголонгийн зөөврийн цэгт, нөгөө хэсэг нь Эмээлтийн махны үйлдвэрүүдэд ажилласан байна.

Сонсголонгийн цэгт бохир ус буулгасан машиныг шалгахад “Төв дэлгэрэх ” үйлдвэрээс ирсэн нь тогтоогдсон тул хяналтын баг тус үйлдвэрт очиж нөхцөл байдлыг шалгажээ. Үйлдвэрийн эзний тайлбарласнаар, тус газар өдөрт 200 мал нядалж, долоо хоногт хоёроос гурван удаа бохир усаа цооногоосоо соруулдаг аж. Мөн урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлагыг сая мэдсэн гэж хэлсэн байна.

УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжийн менежер Т.Билгүүний мэдээлснээр, стандарт хангаагүй бохир ус нь шугам сүлжээнд ачаалал үүсгэж, бөглөрөл, эвдрэл гэмтэл бий болгох эрсдэлтэй. Цаашлаад төв цэвэрлэх байгууламжийн технологийн горим алдагдаж, бохир усыг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэх болон дахин боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Иймд мах нядалгааны үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэрлэж, MNS 6561 стандартын шаардлагад нийцүүлсний дараа шугам сүлжээнд нийлүүлэх шаардлагатай байгаа юм.