Түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг тогтоож байна

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарсан бөгөөд үүнээс 468,965.7 га нь тус дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хамаарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Урьдчилсан мэдээллээр энэ нь тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 79.8 хувьтай тэнцэж байгаа урьдчилсан мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Нөмрөгийн дархан цаазат газар нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хамгаалахад онцгой ач холбогдолтой нутаг дэвсгэр юм.
Иймд түймрийн улмаас учирсан хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, ховор болон нэн ховор ургамлын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, урт хугацааны экологийн үр дагаврыг цогцоор нь судалж, үнэлэх шаардлагатайг тус яамнаас онцолжээ.
Үнэлгээгээр түймрийн улмаас учирсан экологийн болон эд хөрөнгийн хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан зардал, экосистемийн нөхөн сэргэх боломжийг тодорхойлох юм. Мөн байгалийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардлагатай арга хэмжээг төлөвлөх аж.
Үнэлгээний үр дүнд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг хамгаалах, байгалийн нөхөн сэргэх явцыг дэмжих, шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээлт хийх, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл бүрдэх юм байна.


