Говь-Алтайд 20.8 мянган малыг устгалд оруулж, халдваргүйжүүлэлт хийжээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулжээ. Мөн 92.7 мянган ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийж, голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгасан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр, идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган малыг хамруулж байгаа бол идэвхгүй тандалтыг 10 сумын 255 өрхөд хийж байгаа аж. Ямааны годрон өвчний шинэ тохиолдол 2026 оны аравдугаар сарын 16-наас хойш бүртгэгдээгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлээр ахлуулсан мэргэжлийн баг аравдугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж байгаа юм.
Энэ хүрээнд малчдад өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар шуурхай мэдээлэх үүргийг сумдын мал эмнэлгийн байгууллагуудад өгчээ.
Түүнчлэн зөвшөөрөлгүй отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн болон хээлтүүлэгч малд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.



