Барилгын 267 хүсэлтийг бичиг баримтын бүрдэл дутуу шалтгаанаар буцаажээ

Нийслэлийн Хяналт шалгалтын газарт иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо энэ оны аравдугаар сарын байдлаар 7000 давжээ. Энэ нь 2024, 2025 оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн дүн юм.
Тус газрын дарга Б.Азын танилцуулснаар өргөдөл, гомдлын ачаалал нэмэгдсэн ч хүний нөөцийн дутагдлаас шалтгаалан шийдвэрлэлт удаашрах нөхцөл үүсжээ. Нэг албан хаагчид хамгийн ихдээ 268, багадаа 71 өргөдөл, гомдол ногдож байна.
НИТХ-аар 2026 оны наймдугаар сард өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдлыг хэлэлцэх үеэр тус газрын шийдвэрлэлтийн хугацаа 25 хоног байгааг шүүмжилж байв. Харин аравдугаар сарын байдлаар уг хугацааг 17 хоног болгон бууруулсан гэж мэдээллээ.
Барилга байгууламжийн 62 хүсэлтэд ашиглалтад оруулахаас татгалзжээ
2026 онд барилга байгууламжийг ашиглалтад авах 652 хүсэлт хүлээн авснаас баримт бичгийн бүрдэл дутуу 267 хүсэлтийг буцаасан байна. Мөн 331 хүсэлтэд урьдчилсан үзлэг хийж, ажлын гүйцэтгэл дутуу, тохижилт бүрэн хийгдээгүй 81 барилга байгууламжийг хүлээн авахаас татгалзжээ.
Улсын комисс нийт 425 хүсэлтийн дагуу ажилласнаас 62 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, 307 барилга байгууламжийн дүгнэлтийг баталгаажуулсан байна.
Түүнчлэн улсын комиссын хуваарийг нийтэд нээлттэй байршуулж, комисс ажиллах хугацааг өмнө нь 90-180 хоног байсныг 30-45 хоног болгон бууруулжээ.
Барилгын орчны аюулгүй байдлын 459 зөрчил илрүүлжээ
Барилгын түр хашаа, явган замын хашлага, саравч болон барилгын орчны аюулгүй байдалтай холбоотой нийт 459 зөрчил илрүүлснээс 384 зөрчлийг арилгуулсан байна.
Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд барилга байгууламжийн ашиглалт, бүртгэл, барилгын стандарт, аюулгүй байдал, дэд бүтэц болон орчны аюулгүй байдлын хяналт зэрэг чиглэлээр ажилладаг.
Цаашид барилга байгууламжийн норм, стандарт, ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм, журмыг шинэчлэх, нарийвчилсан шинжилгээ, сорилтын лаборатори байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгааг тус газрын дарга Б.Аз онцоллоо.


