П.Мөрөн: Багийнхнаасаа "Миний мотоцикл зүгээр үү" гэж асуудаг. Мотоцикл л зүгээр бол би юу ч болж байсан бариандаа орно гэдэгт итгэлтэй байдаг

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 14 мин 20 сек
10
att.b8jLtDmXeU1E_H4oQwL0KFF4X0fsYWcO3K7ql-sEso0.webp

Гурван сургууль дамжиж, атаман болохыг мөрөөддөг байсан шазруун хүү. Хайртай спортоосоо үүрд холдохоос өөр аргагүй болсон хүндхэн он жилүүд. Хүний нутагт амьдралын үнэ цэнийг ойлгож, хөдөлмөрөөрөө хөл дээрээ боссон залуу. Эцэст нь эргэн ирж, мотоциклийнхоо жолоог дахин атган, дэлхийн аварга цол хүртсэн тамирчин. Энэ бол ралли-рейдийн дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн.

-Төмөр хүлгийн дунд өссөн бяцхан хүү-

att.hdrfsId6oheqC5RebEeBD1Mcf2LtgDycjTlsCBA3-eA.webp


Монгол Улсын нэрийг дэлхийн спортын тавцанд дуурсгаж яваа тамирчдын нэг бол ралли-рейдийн дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөн. Түүнийг зургаан настайгаасаа мотоцикл унаж эхэлснийг мэдэх хүн олон. Харин дэлхийн аваргын цол хүртэлх замнал нь уралдааны зам дээрх ялалт, ялагдлаар хязгаарлагдахгүй. Түүний ард хүүхэд насны сахилгагүй дурсамж, аавынхаа дэмжлэг, мөрөөдлөөс нь холдуулсан хүнд гэмтэл, хүний нутагт туулсан амьдралын сорилтууд бий.

П.Мөрөн айлын том хүү. Түүний бага нас Чингэлтэй дүүрэгт өнгөрчээ. Мотоспортод хайртай, удам дамжсан тамирчдын гэр бүлд өссөн тэрбээр багаасаа л техник хэрэгслийн дунд байв. Аав А.Пүрэвдорж нь мотоспортын Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин. Өвөө нь ч мөн мотоспортод элэгтэй нэгэн байжээ. Тэднийх Чингэлтэйд засварын газар ажиллуулдаг байсан тул мотоцикл, хөдөлгүүр, засварын багаж хэрэгсэл П.Мөрөнгийн бага насны салшгүй нэг хэсэг байлаа.

Ийм орчинд өссөн хүү мотоспортод дурлахгүй байхын аргагүй. Гэхдээ түүний хүүхэд нас зөвхөн мотоциклийн тухай мөрөөдлөөр өнгөрсөнгүй. Хөдөлгөөнтэй, шартай, шазруун, бас уйланхай нэгэн байжээ. Тэр ч бүү хэл атаман болохыг мөрөөддөг байсан нь гурван ч сургууль дамжих шалтгаан болж байв.

-Атаман болохыг мөрөөдсөн хүү-

att.jnvNBYV9s4DJzohShERj1EojR2nqcjqIw8S_rIwWUxI.webp


П.Мөрөн арван жилийн сургуулийн сурагч байхдаа хичээл номоос илүү атаман болох тухай боддог байснаа дурссан юм.

Энэ тухайгаа П.Мөрөн ярихдаа:

“Арван жилийн сургуульд байхад хичээл хийх гэхээсээ илүү яаж атаман болох вэ гэж боддог байлаа. Атаман болчихвол бүх зүйл болох юм шиг санагдаж, өдөр шөнөгүй л энэ тухай бодно. Үүнээсээ болоод сургуулийнхаа нэг хүүхэдтэй муудалцаж, эцэст нь би зодуулаад үлдсэн. Тэгээд намайг өмөөрөх шалтгаанаар ах нар маань тэр хүүхдийг хашраах гэж очиж зодоод, би эхний сургуулиасаа хөөгдөж байлаа. Дахиад өөр сургуульд шилжсэн ч яг ийм шалтгаанаар хөөгдсөн. Харин сүүлийн сургуульдаа хичээл номоо хийж явсаар даруухан төгссөн.

Одоо үетэй харьцуулахад миний үед энд тэндхийн атаман олон байсан л даа. Харин өнөө цагийн хүүхдүүд их соёлтой болчихсон юм билээ” хэмээн инээмсэглэн дурссан юм.

Сахилгагүй, шазруун хүүгийн өөр нэг том хүсэл нь мотоцикл унаж, сургуульдаа очих байв. Гэвч аав нь хатуу хүн байсан тул насанд хүрээгүй хүүдээ ахлах сургуульд байхад нь мотоцикл унахыг зөвшөөрдөггүй байжээ. Тэрбээр мотоцикл унаж сургуульдаа очихыг хэчнээн хүсдэг байсан тухайгаа ярихдаа:

“Аав маань их хатуу хүн байсан болохоор намайг насанд хүрээгүй гээд ахлах сургуульд байхад мотоцикл унуулдаггүй байсан юм. Харин миний мөрөөдөл ямар нэг аргаар, хулгайгаар ч хамаагүй сургууль дээрээ мотоцикл унаж очих байлаа. Гэхдээ мотоцикл унаж чадаагүй байсаар байгаад ядаж нэг мопед унаж сургууль дээрээ очиж чадсан даа” гэж ярьсан юм.

Хүүхэд насны гэнэн хүсэл, сахилгагүй зангийнх нь цаана нэг зүйл тодорхой байжээ. Тэр бол өөрийн хүссэн зүйлдээ тэмүүлэх, шантрах дургүй зан. Хожим энэ зан нь түүнийг уралдааны замд ч, амьдралын хамгийн хүнд мөчүүдэд ч орхихгүй дагах байв.

-Анхны медаль, гартаа атгасан 30-40 мянган төгрөг-

att.Ii6dLbUDn5Ge42MwSrdIHNdE0d0kiWlftdOIRsQ2WxM.webp


П.Мөрөн мотоспорт сонирхож эхлэхдээ 1997 оны Kawasaki 85 загварын мотоциклийг Батлан хамгаалах нийгэмлэгээс авч уралддаг байжээ. Тухайн үеийн мотоцикл нь уралдаанд оролцоход төдийлөн сайн үзүүлэлттэй байгаагүй ч түүний хувьд спортоор хичээллэх эхний боломж байв.

Хүүгийнхээ хүсэл сонирхлыг мэддэг аав, ээж нь ярилцаж байгаад түүнд мотоцикл авч өгөхөөр шийджээ. Аав нь найзаасаа мөнгө зээлж, хүүдээ мотоцикл авч өгсөн байна.

Ийнхүү П.Мөрөн мотоспортын гараагаа эхлүүлсэн ч эхний жилдээ онцгой амжилт гаргаж чадсангүй. Гэсэн ч дуртай спортоо орхисонгүй. Харин ч тэмцээн бүрээс туршлага хуримтлуулж, аавтайгаа хамт бэлтгэл хийж, мотоспортын нарийн ширийнийг суралцсаар байв.

Түүний анхны медаль Улаанбаатар хотод болсон тэмцээнээс иржээ. Гуравдугаар байр эзэлж, 30-40 мянган төгрөгийн шагнал хүртсэн тэр өдрөө П.Мөрөн одоо ч тодхон санадаг. Анхны тэмцээнийхээ үнэ цэнийг эргэн дурсахдаа тэрбээр:

“Юмны үнэ цэн гэдэг их чухал. Би тэр тэмцээнээ хэзээ ч мартдаггүй юм. Гуравдугаар байрт ороод үгээр хэлэмгүй их баярлаж байхад хоёрдугаар байрт орсон хүүхэд нэгдүгээр байрт ороогүйдээ урам нь хугараад уйлж байсан. Харин би 30-40 мянган төгрөг гартаа атгачихаад инээгээд зогсож байсан юм даа.

Тэр өдрөөс хойш олон тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулсан. Ааваасаа ч их зүйл сурсан. Аавтайгаа хамт бэлтгэл хийдэг байлаа” хэмээн ярьсан юм.

Тухайн үедээ гуравдугаар байр эзэлж, гартаа шагналын мөнгө атгах нь түүний хувьд юугаар ч солихын аргагүй баяр байжээ. Өнөөдөр дэлхийн аваргын тавцанд зогсож буй тамирчны замнал ийм л энгийн, даруухан амжилтаас эхэлсэн байна.

-Мөрөөдлөөс нь холдуулсан эмчийн хатуу үг-

att.XGL8zHxIEeWaGlV9Ps_L2i_l4fKIv_tSsfZO1mfqjYM.webp

Арван жилийн сургуулиа төгсөхөд П.Мөрөнд ирээдүйгээ сонгох цаг иржээ. Дуучин болох уу, компьютерийн чиглэлээр суралцах уу, эсвэл хайртай спортоо үргэлжлүүлэн хөөх үү гэсэн олон сонголтын өмнө зогссон тэрбээр эцэст нь аав, ээжийнхээ шийдвэрийг дагахаар болсон байна.

Гэвч мотоспортын замнал нь үргэлж дээшилсээр байх боломжгүй байлаа. Карьерийнхаа оргил үед 2016 онд хүнд гэмтэл авч, эмчээс “Дахин мотоцикл унаж болохгүй” гэсэн хатуухан үгийг сонсжээ.

Зургаан настайгаасаа дурласан, амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон спортоосоо үүрд холдох хэрэгтэй болно гэдэг залуу тамирчны хувьд ямар хүнд байсныг төсөөлөхөд бэрх. Түүний хувьд энэ нь зүгээр нэг спортоо орхих тухай асуудал биш байв. Өөрийгөө илэрхийлдэг, мөрөөдлөө тээдэг, ирээдүйгээ төсөөлдөг байсан ертөнцөөсөө хагацахтай адил байлаа.

П.Мөрөн тухайн үеийнхээ мэдрэмжийг өнөөдөр ч тод санаж явдаг аж. Тэрбээр хүнд гэмтэл авсныхаа дараа эмчийн хэлсэн үгийг аав, ээжээсээ сонссон тэр мөчөө ийн дурссан юм.

“Яг ямар шалтгаанаар гэмтэл авснаа ярьдаггүй юм. Тухайн үеийн мэдрэмжийг одоо ч гэсэн санаж байна. Эмнэлгийн гадаа машинд аав, ээж хоёр урд суучихсан, ‘Эмч чамайг дахиж уралдаж болохгүй гэж байна’ гээд л хэлж байсан.

Тэр үед хүүхэд байсан болоод ч тэр үү, ямар ч байсан их хэцүү санагдаж байсан. Гадаа бороо орчихсон, би уйлаад л, амнаас гарсан уур бороо дуссан цонхон дээр цагирагтаад… Нэг хэсэг маань байхгүй болчихсон юм шиг мэдрэмж авсан даа” хэмээн дурсав.

Тэр өдөр П.Мөрөнгийн амьдралд ямар гүн мөр үлдээснийг үг бүрээс нь мэдэрч болно. Мотоцикл унаж болохгүй болсон нь түүний хувьд зөвхөн уралдаанд оролцох боломжгүй болсноор хэмжигдэхгүй. Хүүхэд наснаасаа өөрийн болгож, хайрлаж ирсэн зүйлээсээ хагацахтай нүүр тулсан хэрэг байлаа.

Аав, ээж нь хүүгээ өөр амьдралын замд хөл тавьж, спортоосоо холдохыг хүсжээ. Ингээд Мөрөн 2016 онд Австрали Улсыг зорьж, дөрвөн жилийн хугацаанд суралцахаар явсан байна. Магадгүй энэ нь хүүгээ өөр зүйлд сатааруулж, хүнд үеийг даван туулахад нь туслах гэсэн эцэг эхийнх нь сонголт байсан биз.

Хүний нутагт амьдралын үнэ цэнийг ухаарсан нь

Австралид очсон эхний жил П.Мөрөнгийн хувьд тийм ч амар байсангүй. Хичээлдээ анхаарахаас илүү мөнгө олох, ажил хийж амьдралаа авч явах бодол давамгайлж, хэд хэдэн хичээлдээ унажээ. Гэрээсээ хол удаан хугацаагаар амьдарч үзээгүй залуу хүнд бие даах амьдрал шинэ сорилт байв.

Эцэст нь тэр амьдралын энгийн зүйлс хүртэл өөрийн гэсэн үнэ цэнтэй байдгийг ойлгож эхэлсэн юм. Австралид анх очоод суралцахаас илүү ажил хөдөлмөр эрхлэхэд анхаарч, амьдралын бодит үнэ цэнийг хэрхэн ойлгосон тухайгаа П.Мөрөн ийн ярьсан юм.

“Австралид очсоныхоо дараа амьдрахад хэчнээн их зүйл хэрэг болдгийг ойлгосон. Давс, нойлын цаас дуусдаг юм байна, тог, усны мөнгө гэж байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Эхний жил мөнгөний амтанд ороод хичээлээ хийгээгүй юм.

Очсоныхоо дараа аавынхаа найзынд гурван сар байхаар тохиролцсон. Гурав, дөрвөн сар болсны дараа тэр ах маань намайг Subway-д ажилд оруулаад, ‘За, Мөрөн, одоо биеэ дааж амьдар’ гээд тусад нь гаргаж байсан.

Одоо бодоход ахдаа их баярладаг юм. Тэр үед намайг тэгж бие даалгаагүй байсан бол би айлд бэлэн хоол идээд л хичээлдээ яваад, амьдралын үнэ цэнийг бүрэн мэдрэхгүй байсан байх. Тэгээд ажилд ороод олон хүнтэй танилцаж, найз нөхөдтэй, найз охинтой болж, хүн яагаад хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгож эхэлсэн юм” хэмээн ярив.

Гэртээ байхад бэлэн байдаг зүйлсийн цаана хэн нэгний хөдөлмөр, хариуцлага байдгийг хүн өөрөө амьдралаа авч явах үедээ л илүү сайн ойлгодог. Мөрөн ч мөн хүний нутагт ажиллаж, амьдарч эхэлснээр энэ бүхнийг биеэрээ мэдэрчээ.

Тэрбээр Австралид байх хугацаандаа олон төрлийн ажил хийж үзсэн байна. Нарийн боовны гурил зуурдаг машин цэвэрлэгчээр шөнийн цагаар ажилладаг байжээ. Ажлын ачаалал ихтэй байсан тул нэг удаа ядарсандаа зуурагч машин дотор унтчихсан бөгөөд азаар ноцтой зүйл болоогүй ч ажлын байрны дүрэм зөрчсөн гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан гэнэ.

Харин хийж үзсэн олон ажлынх нь дундаас хамгийн дуртай, хамгийн сайн хийдэг байсан ажил нь хүргэлт байжээ. Учир нь хүргэлт хийхдээ цахилгаан мотоцикл унадаг байсан нь түүнд ажиллахын хажуугаар дуртай зүйлтэйгээ ойр байх боломж олгож байв.

П.Мөрөн хүргэлтийн ажилдаа хэрхэн дуртай болж, мотоцикл авахын тулд мөнгө хуримтлуулж байснаа дурсахдаа:

“Намайг долоо хоногт 40 цаг ажиллах ёстой байхад сайн хүргэгч гээд 60 цаг ажиллуулах гээд байдаг байсан. Ажил, амьдрал бүтэж эхлээд, найз охин маань ч дэмжээд, цуглуулсан мөнгөн дээрээ бага зэрэг зээл нэмж мотоцикл авахаар болсон.

Тэгээд интернэтээс мөнгөндөө таарах мотоцикл хайж олоод, найзуудтайгаа галт тэргэнд суугаад очиж авч байсан. Үүнээс хойш ажилдаа илүү дуртай болж, амьдрал илүү амттай санагдсан даа. Мөнгөө илүү хуримтлуулж, хотын захын дүүрэгт амьдардаг байснаа хотын төв рүү нүүж ирсэн” гэж ярьсан юм.

Уралдааны зам дээр биш ч ажил хөдөлмөрийнхөө дунд мотоцикл унаж, дуртай зүйлээ мэдрэх боломж түүнд дахин олджээ. Спортоо орхисон ч мотоцикл түүний амьдралаас бүрэн холдоогүй байв.

-Номын сан, казинод өнгөрүүлсэн өдрүүд-

att.fKaML7eBN52ZxdoGaFhKsa60MVk8znJsztB0jratfBo.webp


Австралид ажиллаж, суралцангаа амьдралаа шинээр бүтээж байсан П.Мөрөн ирээдүйн ханьтайгаа ч тэнд танилцжээ. Эхэндээ найз нөхдийн хүрээнд инээлдэж, хөгжилдөж явсан тэд удалгүй хайр сэтгэлийн холбоотой болж, хүний нутагт хамтдаа сурч, ажиллаж, амьдрах болсон байна.

Тэдний хамтын амьдрал зөвхөн аз жаргалтай дурсамжаар дүүрэн байсангүй. Залуу хосуудын туулсан хүндхэн өдрүүд ч цөөнгүй.

Олуулаа амьдардаг түрээсийн байшинд байх үед нь гал гарчээ. Гал юунаас болж, хэн алдсаныг мэдээгүй ч түрээсийн гэрээ П.Мөрөнгийн найз бүсгүйн нэр дээр байсан тул тэдэнд хариуцлага тооцож, нэлээдгүй өрөнд орсон байна. Үүний улмаас дараагийн байр түрээслэх мөнгөгүй болж, найз бүсгүйтэйгээ хамт долоо хоногийг номын санд, хоёр хоногийг казинод өнгөрүүлж байжээ.

Алс холын Австралид сурч, ажиллангаа бие даан амьдралаа босгох гэж байсан залуу хосын хувьд энэ бүхэн амаргүй сорилт байв. Гэсэн ч ОУХМ П.Мөрөн өнөөдөр тэр үеэ эргэн дурсахдаа зовлон, бэрхшээл гэхээсээ илүү хамтдаа даван туулсан амьдралын нэгэн хэсэг хэмээн хардаг.

Тухайн үед хэчнээн хүнд байсан ч өнөөдөр эргээд бодоход дурсамж болон үлджээ. Амьдралд хамтдаа туулсан бэрхшээл заримдаа хүмүүсийг холдуулах бус, харин ч улам ойртуулдаг. П.Мөрөн, түүний хань хоёрын хувьд хүний нутагт өнгөрүүлсэн тэр өдрүүд хамтын амьдралынх нь нэг хэсэг болон үлдсэн байна.

-Эргэн ирэх замыг нээсэн цар тахал-

att.50a46haRQr4E8V9Ll34vBeCEBQBx8VEFGeMzRkagk1k.webp


Австрали дахь амьдрал нь аажмаар тогтворжиж, ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө хуримтлуулан, ирээдүйгээ төлөвлөж эхэлсэн тэр үед дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдэв. Улмаар П.Мөрөн эх орондоо буцахаар шийджээ.

Тухайн үедээ гэнэтийн мэт санагдсан энэ үйл явдал хожим түүний спортын замналд чухал эргэлт болсон юм. Монголдоо буцаж ирээд мотоцикл унасан мэдрэмж, Австралид байхдаа өөр спорт сонирхож үзсэн туршлагынхаа тухай тэрбээр:

“Коронавирус гараад Монгол руу буцах болсон. Коронавирус гарсан нь ч болсон юм. Тэгээгүй бол эх орондоо ирж, буцаад мотоспортоороо хичээллэхгүй орхих байсан байх. Харин Монголдоо ирээд мотоциклоо унаад хээр талд давхих хамгийн сайхан байсан.

Австралид байхдаа өөр спорт сонирхох гэж үзсэн. Хөл бөмбөг тоглоод намхан гээд намайг хаалгач болгосон. Би уйдаад гарчихсан. Усан сэлэлтээр хичээллэж үзлээ, бас болоогүй. Тиймээс миний сонирхол зөвхөн мотоцикл гэдгийг ойлгосон” гэж ярьсан юм.

Хүн заримдаа өөрийнхөө юунд үнэхээр дуртай, юуны төлөө амьдрахыг хүсдэгээ алс хол явж, өөр зүйл туршиж үзсэнийхээ дараа ойлгодог. П.Мөрөн ч хүний нутагт ажиллаж, амьдарч, өөр олон зүйлд хүчээ сорьсон ч мотоциклийнхоо жолоог атгах тэр мэдрэмжийг юугаар ч орлуулж чадахгүйгээ ухаарчээ.

Эх орондоо ирсний дараа мотокроссын тэмцээн зарлагдав. Гэвч 2016 онд авсан гэмтэл нь мартагдаагүй, ойр дотнынхон нь түүнийг дахин уралдахад төдийлөн дэмжээгүй байна. Дахин гэмтэж болзошгүй гэсэн болгоомжлол тэдэнд байсан нь мэдээж.

Харин П.Мөрөн өөрийнхөө чадварыг дахин сорихыг хүсжээ. Тэрбээр ойр дотнынхондоо зөөлөн давхиж, тэмцээнд оролцоод ирнэ гэдгээ хэлээд уралдаанд орсон байна.

Тэрбээр уг тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ. Энэ амжилт нь түүний эргэн ирэлтийн эхлэл болж, өмнө нь уралдуулахгүй гэж эсэргүүцэж байсан хүмүүс нь ч түүнийг дахин дэмжиж эхэлсэн байна.

Ингэж П.Мөрөн мотоспортдоо эргэн иржээ. Түүний хувьд энэ нь зүгээр тэмцээнд оролцож, шагнал хүртсэн хэрэг биш байлаа. Харин эмчийн хэлсэн үгнээс хойш өөрөөсөө холдуулж, орхихоос өөр аргагүй болсон мэт санагдаж байсан хайртай спортдоо дахин хөл тавьсан мөч байв.

Эх орондоо эргэн ирсэнтэй нь зэрэгцэн мотоспортын замналд нь шинэ боломжууд нээгдэж эхэлжээ. Тухайн үед “Торгоны замын уралдаан” Монголоор дамжин өнгөрсөн нь түүнд томоохон боломж болсон байна. Ингэснээр тэрбээр мотоспортын олон улсын тавцанд дахин хүч сорих, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх зорилгоо үргэлжлүүлэх боломжтой болжээ.

-Хүүгийнхээ бахархал болохын төлөө-

att.bbmLyVj2s4M7bvrgbHtuKWsaBoRPPtFEk9eXiLUU9BU-1.webp


Өдгөө ДЭЛХИЙН АВАРГА ОУХМ П.Мөрөн зөвхөн тамирчин төдийгүй гэр бүлийн хүн, аав болжээ. Эх орондоо эргэн ирж, хайртай спортоо үргэлжлүүлэн хөөхийн зэрэгцээ гэр бүлээ төвхнүүлж, бүл нэмж хөөрхөн хүүтэй болсон бөгөөд удахгүй дахин бүл нэмэх гэж байгаа аж.

Түүний амьдралд одоо зөвхөн өөрийнхөө төлөө уралдах бус, хүүгийнхээ өмнө үлгэр дуурайлал болох гэсэн хүсэл бий.

Ралли-рейдийн уралдаан тамирчнаас зөвхөн хурд, ур чадвар шаардаад зогсохгүй биеийн тэсвэр, сэтгэлийн хат, техникээ мэдрэх чадвар, аливаа бэрхшээлийг даван туулах ухаан шаарддаг. Тэр дундаа олон зуун километр үргэлжлэх замд халуун, элс шороо, техникийн асуудалтай нүүр тулан уралдана гэдэг амаргүй.

П.Мөрөнгийн хувьд дэлхийн аваргын төлөөх замнал ч олон сорилттой байжээ. Тэмцээнд оролцохоор явахад нь визний асуудлаас болж оролцох эсэх нь тодорхойгүй байсан ч олон хүний дэмжлэг, хүчин чармайлтаар виз нь гарч, уралдаандаа оролцох боломж бүрдсэн байна.

Дэлхийн аваргын төлөөх уралдааны үеэр 40 хэмийн халуун, элс шороон дунд шантрах үе гардаг ч буцах замгүй гэж бодон урагшилдаг тухайгаа П.Мөрөн ярихдаа:

“Тэмцээнд оролцохоор явах маань визний асуудлаас үүдээд тодорхойгүй байсан ч олон хүний хүчинд виз маань гарсан. 40 хэмийн халуунд, элс шороон дунд явж байхдаа шантраад больчихмоор санагддаг ч надад буцах зам байхгүй. Надад итгэл хүлээлгэсэн олон хүн байгаа. Хамгийн гол нь хүүгээ боддог. ‘Миний аав ийм хүн шүү’ гэж бодоосой гээд л даваад гардаг.

Гараанд гарахаасаа өмнө багийнхнаасаа ганц л зүйл асуудаг. “Миний мотоцикл зүгээр үү” гэж. Би бол юу ч болж байсан бариандаа орно гэдэг юм. Учир нь миний мотоцикл уралдаанд бол хоцрогдсон загвартай. Тэгэхээр итгэл маань 70 хувьтай байдаг” хэмээн ярьсан юм.

Түүний энэ үгнээс уралдааны замд гарах бүрдээ үүрч явдаг хариуцлага нь мэдрэгдэнэ. Өөрийнхөө хүч чадалд итгэхийн зэрэгцээ техник хэрэгслийнхээ боломжийг ч мэддэг. Гэсэн ч гараанд гарсан л бол барианд хүрэхийн төлөө явна гэсэн зарчимтай.

-Төрийн далбаагаа дэлхийн тавцанд мандуулахын төлөө-

att.4zDYnb6_IBtz_PBg09YcjCTW1JUswXMqnHQwq01tWT4.webp


П.Мөрөн гадаадын тамирчидтай өрсөлдөхдөө өөрийгөө тэднээс дутуу гэж боддоггүй. Харин ч Монголын тамирчдад ур чадвар, тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл бий. Гагцхүү дэлхийн шилдгүүдтэй адил хэмжээний ивээн тэтгэгч, дэмжлэгтэй байвал илүү хол явах боломжтой гэж үздэг аж.

Тэрбээр Монголын тамирчдын боломж, гадаадын өрсөлдөгчидтэй эн тэнцүү өрсөлдөх итгэлийнхээ тухай ярихдаа:

“Би уралдах үедээ гаднын орны хүмүүсээс айдаггүй. Монголчууд тэднээс илүү потенциалтай. Яг л тэдэн шиг ивээн тэтгэгчтэй, дэмжигчтэй бол илүү хол явна. Монголчууд дэлхийн талбарыг эзэлж явсан шүү. Өвөг дээдэс минь энэ бүхнээс илүүг туулсан шүү гээд л өрсөлддөг юм.

Эх орныхоо Төрийн далбааг намируулаад зогсож байна гэдэг бахархалтай сайхан мэдрэмж юм билээ. Намайг дэмжиж, надад найддаг олон хүн байдаг. Эмээ маань хүртэл уралдахаас өмнө залгаад, “Тийм ламд, тийм ном уншуулчихлаа. Одоо миний хүү алзахгүй ээ” гэдэг юм” хэмээн ярьсан юм.

Түүний хувьд дэлхийн аварга болно гэдэг зөвхөн өөрийнхөө олон жилийн хөдөлмөрийг үнэлүүлэх тухай асуудал биш байлаа. Ард нь итгэж, дэмжиж, амжилтыг нь хүлээдэг гэр бүл, найз нөхөд, багийнхан, ивээн тэтгэгчид бий. Тэр бүхний итгэлийг алдахгүй байх нь уралдааны замд түүнийг урагшлуулдаг хүчний нэг аж.

П.Мөрөнгийн цаашдын зорилго ч тодорхой. Тэр амжилтаа ахиулж, тэмцээнд оролцох бүрдээ ивээн тэтгэгч хайж, санхүүгийн асуудалд санаа зовохгүйгээр бэлтгэлдээ төвлөрөхийг хүсэж байна. Ирээдүйн зорилгынхоо тухай тэрбээр:

“Одоо миний зорилго бол амжилтаа улам ахиулах. Тэмцээнд явахдаа ивээн тэтгэгч хайж, санаа зоволтгүйгээр бэлтгэлээ хийх л байна” гэж хэлсэн юм.

Зургаан настайдаа мотоциклд дурласан хүүгийн амьдрал шулуун дардан замаар явсангүй. Анхны медалийн баяр, аавынхаа зээлсэн мөнгөөр авч өгсөн мотоцикл, гурван сургууль дамжсан сахилгагүй нас, эмчийн хатуу онош, Австралид туулсан бие даах амьдрал, хайртай бүсгүйтэйгээ даван туулсан хүнд өдрүүд гээд түүний замналд олон өнгө бий.

Гэвч энэ бүхний дундаас нэг л зүйл өөрчлөгдсөнгүй. Тэр мотоциклдоо хайртай хэвээр үлдсэн. Хэсэг хугацаанд холдсон ч эргэж ирсэн. Бэрхшээлтэй тулгарсан ч дахин гараанд зогссон. Эцэст нь дэлхийн аваргын цол хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгалаа.

Нэгэн цагт сургуулийнхаа хашаанд мопед унаж очихыг мөрөөддөг байсан хүү өнөөдөр дэлхийн уралдааны замд Монгол Улсынхаа далбааг мандуулж явна. Тэрбээр одоо хүүгээ өөрөөр нь бахархаасай гэж хүсдэг аав, амжилтаа улам ахиулахыг зорьдог тамирчин, эх орныхоо нэрийг дэлхийд таниулахыг хүсдэг Монгол хүн.